Талибууд засгийн эрхэнд гарсны дараа афганчууд гадагш олноор гарах болов. 2021.VIII.25Улаанбаатар
Дэлхийн олон улс алан хядагч байгууллага хэмээн үздэг лалын эрс байр суур ьтай “Талибан” хөдөлгөөн 2021 оны наймдугаар сард Афганистаны засгийн эрхийг авахад түр хугацааны явдал гэж үзэж байлаа. Талибуудын үед тус улс олон улсын түвшинд тусгаарлагдана гэж ажиглагчид хэлдэг байв. Дөрвөн жилийн дараа эргэн харахад байдал арай л өөр байна.
Талибууд засгийн эрхэндээ бэхэжсэн янзтай. Европын олон улс, түүний дотор Герман Кабулын Засгийн газартай харилцаагаа хэвийн болгохыг болгоомжтой хичээж, талибуудыг хэл амаа ололцож болох түнш гэж үзэх болж байна.
Орос улс энэ оны долоодугаар сарын эхээр талибуудын Засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, ийм шийдвэрт хүрсэн анхны орон боллоо. Ийнхүү дөрвөн жилийн өмнө цэргээ гаргаж сайн дураар америкчуудын татгалзсан үүргийг ОХУ хүлээж авлаа гэж Парисын “Inalco” их сургуулийн олон улс судлаач Сардар Рахими үзэж байна.
Бээжин албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч талибуудын Засгийн газартай эдийн засаг, дипломатын нягт харилцаа тогтоохыг Хятад улс эрмэлзэж байна. Бээжинд суух Афганистаны Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг БНХАУ-ын дарга Си Зиньпин 2024 оны нэгдүгээр сард баяр ёслолын байдалд хүлээн авсан юм. “Шинэ торгоны зам” гэгдэж буй дэд бүтцийн “Нэг бүс-нэг зам” хэмээх томоохон төслөө хэрэгжүүлэхэд нь Хятадад Афганистан хэрэгтэй байна. Түүнээс гадна Афганистанаас ашигт малтмал авах нь эрч хүчтэй хөгжиж буй Хятадын аж үйлдвэрт чухал байгаа юм.
Кабултай хэлхээ холбоо тогтооход Катар гэж нэг дипломат суваг байна. Тухайлбал, гадаадад дүрвэн гарсан афганчуудыг эх оронд нь буцаахын тулд Өрнөдийн улсууд Кабулын эрх баригчидтай яриа хөөрөө, буулт хийхэд хүрч байна хэмээн мөнөөх Рахими ярьж байна. Талибуудыг засгийн эрх барих болсноос хойш дүрвэсэн афганчуудыг ачсан хөлөг онгоцыг Кабул руу Герман хоёр удаа явуулаад байна. Нийтдээ 109 иргэнийг нь Афганистанд хүргэж өгсний дотор Германд хэрэг хийж ял сонссон 56 хүн байж.
Хүний эрхийг хамгаалдаг “Pro Asyl” гэдэг байгууллага Афганистан руу дүрвэгсдийг ийн буцааж байгааг олон улсын эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хүмүүст хүмүүнлэг бусаар ханддаг улсууд руу дүрвэгч, цагаачдыг буцааж өгөхийг хүний эрхийн асуудлаарх Европын конвенц хориглосон байдаг. Германаас афганчуудыг буцааж авахын тулд талибуудын Засгийн газар тэдэнд паспорт юм уу, өөр баримт бичиг олгож иргэншлийг нь баталгаажуулах ёстой юм. Ингэсний эцэст Кабулд очиход аюулгүй болох учиртай. Үүний тулд талибуудын дэглэмтэй хэлэлцээр хийх шаардлагатай. “Афганистанд нийгмийн амьдралыг талибууд бүрэн хянаж байгааг Өрнөд хүлээн зөвшөөрөх ёстой. Үүн дээр үндэслэн талибуудын дэглэмтэй харилцаагаа тогтооно” гэж Рахими хэлж байна. Гэтэл Герман гэх мэт улсуудтай хэлэлцээр хийхдээ талибууд тун хойрго хандаж байгаа юм. Талибуудтай техникийн чанартай холбоо тогтоосон гэж Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефуль сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлжээ. “Үйл ажиллагаа, үзэл бодлыг нь бид дэмждэггүй олон Засгийн газар, олон дэглэмтэй Холбооны Засгийн газар яриа хөөрөө хийх ёстой. Ямар нэг байдлаар тэдэнтэй холбоо тогтоохыг манай эрх ашиг шаарддаг” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Европын орнуудын зэрэгцээ хөрш Пакистан, Иранаас Афганы дүрвэгчдийг олноор нь буцааж байна. 2025 оны наймдугаар сарын эх гэхэд энэ хоёр улсаас 2.1 сая гаруй хүн Афганистанд эргэж иржээ. Тэдний тэн хагасыг нь Пакистан, Иранаас албадан гаргасан байна. Ингэж олон хүн буцаж ирж буй нь талибуудын Засгийн газарт ихээхэн бэрхшээл учруулж буй. Буцаж ирж буй хүмүүс т орон байр, ажил, орлогын эх үүсвэр байхгүй.
Талибууд Засгийн эрх бариад дөрвөн жил болсон ч Афганистанд хүмүүнлэгийн байдал нэн хүнд байна. Европын комиссын баримтаар бол Афганистаны 22.9 сая хүний аж амьдрал одоо олон улсын тусламжаас шууд хамааралтай байна. Энэ нь тус улсын хүн амын тал нь гэсэн үг. Олон улсын хөгжлийн агентлагаа (USAID) долоодугаар сард АНУ хааснаар хүмүүнлэгийн тусламж нийлүүлэх ажилд гарсан хямрал Афганистаны байдлыг бүр ч хүндрүүлсэн байна. Гурван сая хүн эмнэлгийн тусламж авч чадахаа байж, 420 эмнэлэг хаалгаа барив. Хүмүүнлэгийн энэ хямралыг гартаа бүхнийг төвлөрүүлэх боломжоо нэмэгдүүлэхэд талибууд ашиглав.
Талибуудын дэглэм, хүний эрх, иргэний эрх чөлөөг системтэйгээр хумиж байна гэж хүний эрхийн олон нийтийн байгууллагууд үзэж байна. Эмэгтэйчүүдийн байдал онцгой хүнд болжээ.
Америк буцаж ирэх гэж байна ууАфганы дипломат ажилтан байсан Шукрия Баракзайн хэлснээр эмэгтэйчүүдийн эрхийг талибууд бутархай мөнгө шиг ашиглаж байгаа аж. Афган бүсгүйчүүд нийгмийн амьдралд оролцохоо огт байж, 12-оос дээш настай 1.4 сая охин сургуульд сурах эрхгүй байна. Залуу эмэгтэйчүүдэд дунд болон дээд сургуулийн үүд хаалтт ай. Эмэгтэйчүүдийн эрхийн хямрал ийн гүнзгийрснээр тус улсын эдийн засаг, нийгмийн уналт түргэсч, эрүүлийг хамгаалах, боловсрол, хөдөлмөр эрхлэх, аюулгүй байдлын салбарууд дахь тэгш бус байдал хүрээгээ улам бүр тэлэх болжээ.
Нэлээд бүс нутагт нь эмэгтэй хүн эрэгтэй хүнгүйгээр гэрээсээ гарахыг хоригложээ. Эмэгтэй хүн гэр орондоо ч бие дааж ямар нэг шийдвэр гаргаж үл болно. Мөн зарим районд эмэгтэй хүн эрэгтэй эмчээр эмчлүүлэхийг хориглосон байна. Афганд залуу эмэгтэй хүмүүсийн 78 хувь нь суралцахгүй, ажил хийхгүй байна. Эрт жирэмслэх явдал ирэх онд 45 хувиар нэмэгдэх төлөвтэй хэрнээ эхийн эндэгдэл 50-иас илүү хувиар нэмэгдэж болзошгүй байгаа аж. НҮБ- ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-гийн гүйцэтгэх захирлын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Тэд Чайбан Афганистанд айлчлахдаа дүрвээд буцаж ирсэн хүмүүстэй уулзжээ. “Анагаахын их сургууль төгсөхөд хэдхэн сар дут туу байхад суралцах эрхийг нь хориглосон тухай нэг залуу эмэгтэй надад ярилаа. Ийнхүү афганчуудын амийг аврахад туслах эмэгтэй эмч нарын тоо нэгээр хасагджээ” гэж Чайбан ярьсан байна.
Афганы талибуудыг 20 гаруй жил Москвагийн дайсан гэж үзэж байсан тэр цаг үе алга болов. “Талибан” Кремлийн анд боллоо. Орос улс Афганистаны нийгмийн үндсэн бүх омгийн төлөөлөгчдийг оролцуулсан Засгийн газар байгуулах, эмэгтэйчүүдийг хавчиж хяхдаг бодлогоо зөөлрүүлэх, мансууруулах бодис, “Исламын улс”-т ай эрс шийдмэг тэмцэх шаардлагыг 2021 оны намраас тавьсан ч одоо хэр нь алиныг нь ч талибууд биелүүлсэнгүй. Сэтгэцэд нөлөөтэй ургамал тариалах талбайг нь хорогдуулсан гэх боловч мансууруулах бодисын наймаа Афганистанд цэцэглэн хөгжсөөр, эрх баригчдын түрийвчийг түнтийлгэсээр. Түүгээр ч барахгүй, энэ төрлийн ургамал, бодисын нэр төрөл нь нэмэгдэж, метамфетамин хэмээх нийлэг мансууруулагчийн үйлдвэрлэл улам бүр газар авч Төв Ази, Ойрхи Дорнод, Европ, Орост шинэ зах зээл эзэлсээр байна.
“Исламын улс”-ын Афганистан дахь салбар болох “Вилаят Хорасан”-ы гишүүд төр, засгийн алба хаших нь нэмэгдсээр, 4.5 мянга байснаа 10 мянга гаруй болсон байна. Афганы энэ салбарынхан 2022 онд Кабулд, 2024 оны гуравдугаар сард Подмосковьед Оросын иргэдийн аминд хүрэв. Орос, Иран, Хятад, Пакистан болон Төв Азийн орнууд, Энэтхэг гэх мэт бүс нутгийн улсууд Афганы асуудлыг шийдвэрлэх нэгдмэл хандлага бий болгож, “Талибан” дэглэмд хамтраад болон дангаараа шахалт үзүүлж чадахгүй л байна. Талибууд харин ч америкчуудтай ихээхэн нягт харилцаатай болж Москвагаас болон бүс нутгийн бусад нийслэлээс хийсэн уриалга, тавьсан шаардлагад ихээхэн дуулгаваргүй ханддаг болжээ.
Америкийн улс төрч, шинжээч, сэтгүүлчид “Талибан”-ы удирдлагыг сольж, 40 гаруй жил Америкийн тусгай албадтай итгэлцсэн, харилцан ашигтай хэлхээ холбоотой байсан одоогийн Дотоод хэргийн сайд Сиражуддин Хакканид эмиратын суудлыг өгөх нь чухал байгааг нууж хаалгүй илэрхийлэх болжээ. Хаккани болон түүний ойрын хүмүүст тавьсан хоригоо АНУ саяхан цуцлав. Ийн хандах болсон нь Афганистанд Америк буцаж ирэхийн дохио болж байна бус уу.
Р.Жаргалант