Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсныг тэмдэглэв. Түүнчлэн бусад гишүүн орны парламент баталсны дараа хэлэлцээрийг бүрэн ашиглаж ажиллана. Нийт 367 барааны 90 хувь нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн. Тиймээс экспортын барааны стандартыг хангуулж, эргэлтийг сайжруулах, хоёр улсын худалдааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа салбарын сайд илэрхийллээ.
Тэгвэл А.Н.Евсиков ОХУ-ын зүгээс мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах, малын эрүүл мэндийн зорилтот төсөл хэрэгжүүлэх болон боловсон хүчнийг бэлтгэхэд тэтгэлэг олгох боломжтойг илэрхийлсэн байна. Малын эрүүл мэнд, вакцины хяналтыг сайжруулах, биокомбинат болон лабораторийн шинэчлэл зэрэгт анхаарах шаардлагатайг талууд харилцан ярилцав.
С.Дулам