МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, Хархорум музейнхний хамтарсан малтлага, судалгаагаар XIII-XIV зууны үеийн бурхны шашны сүм хийдийн үлдэгдлийг илрүүлсэн талаар мэдээлэв. Тэд Италийн Турин хотын Археологийн судалгааны төвийнхөнтэй хамтран энэ оны долоодугаар сарын 22-ноос наймдугаар сарын 9-ний хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Баянголын амны дурсгалт газар археологийн малтлага, судалгаа хийсэн юм байна. Үүний үр дүнд XIII-XIV зууны Хархорум хотын цаг үед хамаарах бурхны шашны нэгэн сүм хийдийн үлдэгдлийг шинээр илрүүлсэн аж.
Энэхүү сүм хийд нь шавар шороо дэлдэж хийсэн өндөр тавцан дээр байрлаж байсныг судалгаагаар тогтоожээ. Уг байгууламжийн тууринаас түүхий тоосгон өрлөг, баганын суурь болон шонгийн нүх, тоосгон хавтан дэвссэн шал, дээврийн ваарны хагархай, барилгын чимэглэл, өнгө будаг бүхий ханын шаваасны хэсгүүд, шавар цац, бурхны болон галбингын шавар баримлын хэсгүүд илэрсэн нь эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой олдвор болно гэдгийг Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийнхэн онцоллоо.
Сонирхуулахад, Монголын археологичдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол археологи-2025” эрдэм шинжилгээ, судалгааны тайлангийн хурлыг энэ сарын 20-21-нд МУИС-д зохион байгуулах гэж байна. Уг хурлаар археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд тухайн жилийн авран хамгаалах хайгуул, малтлага болон дотоод, гадаадын суурь судалгааны төслүүдийнхээ үр дүнгээс танилцуулдаг бөгөөд энэ үеэр дээрх шинэ олдворуудын талаар хэлэлцэх юм.
О.Ундрах