Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар энэ оны аравдугаар сарын 16-нд гаргасан билээ. Театр барих газар нь ундны усны нөөц бүхий хамгаалалтын бүсэд хамаарч байна хэмээн иргэд ихэд эсэргүүцсэн. Харин нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих томоохон төсөл, ундын усны эх үүсвэр бүхий газарт” хамаарахгүй хэмээн мэдэгдэж байв. Тэгвэл хуульч, өмгөөлөгч А.Базар, Б.Амгаланбаатар нар нийслэлийн ИТХ-аас гаргасан дээрх шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Тэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар бол ундны усны нөөц, усны хамгаалалтын бүсэд хамаардаг, иргэд амарч зугаалдаг чухал бүс. Иймд хүрээлэн буй орчин, нийтийн эрх ашгийг хамгаалах ёстой” хэмээн үзжээ. Хэрэв шүүх нэхэмжлэлийг нь хүлээн авбал тус шийдвэрийг хууль ёсны, эсэхийг хэлэлцэх аж.
Ч.Туяа