Сонгуулиар л “амь орж”, бусад үед нь бараг юу ч хийдэггүй, сул цалин авдаг хорооны хэсгийн ахлагч нэртэй намын ухуулагчдыг цомхотгож, төсвийн мөнгийг хэмнэх нь зүйтэй хэмээн иргэд үзэж байна. Ингэж хэлэх болсон нь ч учиртай. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу энэ сарын 11-нд мэдээлэл хийхдээ “2024 оны сонгуулиар хэсгийн ахлагчид яг ямар ажил хийдгийг нүдээр харсан. Тэд хорооныхоо айл өрхийг “цэнхэр, улаанаар” ялгадаг л ажилтай юм билээ. Цэнхэр нь АН, улаан нь МАН-ыг дэмждэг гэдгийг илэрхийлж буй. “Цэнхэр” айлд бол төрийн үйлчилгээг тэр бүр хүртээхгүй, хавчдаг. Харин “улаан”-уудаа халамж, дэмжлэгт хамруулах, шагнал урамшуулалд тодорхойлох зэргээр тойглож иржээ.
Төрийн байгууллагад тавхан жил ажилласан нэгэн ахмадад МАН-ын гишүүн гэдгээр нь “Алтангадас” одон хүртээсэн ойрын жишээ ч бий. Өөрөөр хэлбэл, хэсгийн ахлагч нар бол тэр чигтээ намчин, ухуулагчид байдаг. Тиймээс үндсэн үүргээ ухамсарладаггүй, улс төрийн ажил хийдэг, эрх баригч намын сүлжээг өргөтгөдөг ийм хүмүүсийг цомхотгох хэрэгтэй. Ухуулагч дыг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулах шаардлагагүй гэж үзэж байна” хэмээсэн.
ҮНДСЭН ХУУЛЬД “ХЭСЭГ” ХЭМЭЭХ ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖ АЛГА
2015 оноос хойш хороодын хэсгийн ахлагч нарын цалинд улсын төсвөөс жил бүр 21-28 тэрбум төгрөг зарцуулж иржээ. Энэ талаар Ч.Лодойсамбуугаас өмнө УИХ-ын гишүүн Д.Батбаяр шүгэл үлээсэн билээ. Тэрбээр “Хэсгийн ахлагч нар өдгөө айл бүрийн хаалга тогшин, мэдээлэл хүргэх шаардлагагүй болсон. Төрийн анхан шатны үйлчилгээ цахимаар явах ёстой. Нөгөө талдаа мэргэжлийн бус, тэтгэвэрт гарсан, янз бү рийн ашиг сонирхолтой хүмүүс хууль таниулах, судалгаа авах нэрийдлээр айл өрхүүдээс мэдээлэл цуглуулах нь зохимжтой биш. Нийслэлийн есөн дүүргийн хороодод хэсгийн 1950 ахлагч ажиллаж байгаа. Эдгээр шаардлагагүй орон тоог цомхотгох цаг болсон” гэсэн юм.
Хэсгийн ахлагч нар олон жилийн өмнө цалингүй, ихэвчлэн сайн дураараа ажилладаг байж. Харин сүүлийн арав гаруй жилийн хугацаанд эхэндээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, 2023 оноос сард 800-900 мянга, энэ оны гуравдугаар сараас хойш 1 200 000 төгрөг авах болжээ. Тэгвэл эл орон тоог анхнаасаа Үндсэн хууль зөрчиж бий болгосон гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Тодруулбал, уг хуулийн 57 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх засаг захиргааны нэгжийг тодорхойлохдоо баг, хороо, дүүрэг, сум, аймаг, нийслэл гэж хуваажээ. Харин хэсэг гэж алга. Үндсэн хуульд байхгүй нэгжийг сүүлд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түү ний удирдлагын болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмж, хэсгийн ахлагчийн орон тоог үүсгэсэн аж. Иргэд, олон нийт ч аль нэг нам нь ухуулга, сурталчилгаагаа хийлгэхийн тулд тэднийг цалинжуулж ирснийг шударга өрсөлдөөн гэж үзэхгүй байна. Байсхийгээд л хэсгийн ахлагч нарыг цөөлж, цомхотгох тухай яриа энэ мэт чих дэлсдэг ч харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төсөв, хүний нөөц нь нэмэгдсэнээс өөр юу ч өөрчлөгдсөнгүй. Үндсэн хуульд зааснаар бол төрийн алба нь засаг захиргааны нэгжийн дагуу үйл ажиллагаа явуулж, албан хаагч нь чиг үүргийнхээ дагуу ажиллах ёстой баймаар.
АЙМГУУД 1647 БАГ, НИЙСЛЭЛ 204 ХОРООТОЙ
Нийслэлийн иргэд бид хотын даргатай уулзаж, шууд харилцах шаардлага тэр бүр гардаггүй. Харин хорооны дарга, хэсгийн ахлагч тайгаа хүссэн үедээ уулзаж, асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, хүмүүс төрийн үйлчилгээг анхлан харьяа баг, хорооны ажилтнуудаас л авдаг шүү дээ. Даанч анхан шатны эл нэгжийн хэсгийн ахлагч нар “Ах аа, эгч ээ, алив дүү минь” гэж иргэдийн итгэлийг олчхоод хялбархан эвдэж, эрх ашгийг нь арилжих, үзэл бодлыг нь худалдах, үнэт зүйлийг нь үгүй хийдэг болоод удсан нь үнэн. Ялангуяа сонгуулиар харьяа хэсгийнхнийхээ регистрийн дугаар, оршин суугаа хаяг, гэр бүлийн байдал, амьжиргааны түвшин, сонгогчийн тоо зэргийг өлхөн арилждаг, бусдад дур зоргоороо дамжуулдаг. Цаашлаад хороонд “ирдэг” төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын аливаа дэмжлэг, хандив, зээл, тусламж, хүнсний талон зэргийг зорилтот бүлэгт бус, намынхандаа давуу эрхтэйгээр хүртээдэг үзэгдэл ч нийтлэг.
Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны өнгөрсөн жилийн судалгаагаар, Монгол Улс 21 аймаг, 330 сум, 1647 баг, нийслэл, есөн дүүрэг, 204 хороотой байна. Хороо нь Улаанбаатар хотын, баг нь аймгийн засаг захиргааны анхан шатны нэгж гэсэн үг. Баг, хороо бүр 8-12 хэсгийн ахлагчтай. Тэдний чиг үүрэг, ажиллах хүрээ ч өргөн. Наад зах нь дээр дурдсанчлан оршин суугчдынхаа эмзэг нууц, хувийн мэдээллийг хадгалж, хамгаалах үүрэгтэй. Тийм байтал ямар нэгэн асуудал, гэмт хэрэг гарлаа гэхэд тухайн хэрэгт холбогдсон, хохирсон хү мүүсийг хүртэл архины хамааралтай, нэн ядуу өрх, өмнө нь гэмт хэрэгт “орооцолдож” байсан гэх зэргээр хувийн нууц мэдээллүүдийг нь улс орон даяар цацсан тохиолдол ч өмнө нь олонтоо гарч байв. Хэсгийн ахлагч нарт төрийн хууль, дүрэм, ажиллах чиг шугам бус, намын, эрх мэдэлтнүүдийн зарлиг, заавар илүүтэй үйл чилдэг нь нууц биш болсон.
“ТАЙЛАН МЭДЭЭ, ТООЛЛОГО, СУДАЛГАА БАЙНГА ХОЦРООДОГ”
Хамгийн ноцтой нь, хэсгийн ахлагчид оршин суугчдаа намын гишүүнчлэлээр нь ялгаварлан гадуурхах замаар төрийн үйлчилгээг тасалдуулах, хясан боогдуулах, улмаар сонгох, сонгогдох эрхэд нь бүдүүлгээр халддаг явдал хавтгайрчээ.
Сонгинохайрхан дүүргийн нэгэн хороонд хэсгийн ахлагчаар зургаан сар гаруйн хугацаанд ажиллаад, намын гишүүн болоогүйнхээ төлөө ажлын байрандаа хавчигдаж, гадуурхагдсаар гарсан нэгэн иргэний яриаг хүргэе. Тэрбээр “Би сонгуулийн өмнөх жилд хэсгийн ахлагчаар ажилласан. Тэр үед хэсгийн ахлагчид сонгуульд бэлдэж, хороонд болж буй аливаа арга хэмжээнд намынхаа хүмүүсийг дуудаж оролцуулдаг байлаа. Нам бус хүмүүсийг ер нь л аливаа арга хэмжээнд оролцуулахгүй. Миний хариуцсан хэсэгт АН-ыг дэмждэг нэг айл байсан юм. Маш хөдөлмөрч, хашаандаа 100 гаруй мод буттай, хувиараа газар тариалан, бизнес эрхэлдэг. Гэтэл тэднийх сүүлийн 20 жилд нэг ч удаа ЖДҮХС-гаас зээл авч байгаагүй, эл хугацаанд хэсгийн ахлагч ч гэрт нь орж ирээгүй гэдгийг надад хэлсэн. АН-ын айл гээд л тойроод явчихдаг гэж байгаа. Миний ажилласан зургаан сарын хугацаанд хэсгийн ахлагчид гэж хов жив ярьсан, бие биеэ муулсан, хийцгүйрсэн хүмүүс л байсан даа. Намайг анх ажилд ороход “МАНыг дэмждэг үү” гэж асуусан. Би нам бус гэдгээ хэлтэл “Тэр хамаагүй ээ, хороонд ажилд орсон л бол намынхаа гишүүнчлэлийг заавал авах ёстой” гэсэн шаардлага тавьсан. Би за, үгүй ч гээгүй. Хүний итгэл үнэмшил, үзэл бодол, сонгох эрхэд тэгж бүдүүлгээр халдаж болохгүй. Ингээд намын гишүүн болоогүй, мэдлэг, боловсролтой, ажлаа үнэнч шударгаар хийснийхээ төлөө би хохирч, хорооны ажилтнуудад хавчигдан доромжлуулсаар сүүлдээ тэсэхгүй ажлаасаа гарсан. Хэсгийн ахлагчид хороон дээр юу хийдэг вэ гэхээр хог ачих үеэр ганц, хоёр нь дагаж явна. Нохой устгал хийх болбол бас оролцоно. Гэхдээ эдгээр ажилд хүртэл хойш суугаад, барагтай л бол хөдлөхгүй. Өглөө ажилдаа цуглаад, удалгүй гараад явцгаачихдаг. Хороонд хийдэг өрхийн хүн ам, амьжиргаа, ядуурал, ажилгүйдэл, бусад зорилтот бүлгийн судалгаа үнэн гардаг, эсэхэд ч би эргэлзсэн. Хороо бол иргэдийг төртэй холбох гүүр гэдэг ч бидний дуу хоолойг үнэхээр хүргэж чадаж байна уу гэвэл бас л өрөөсгөл” гэсэн юм.
Мөн тэрбээр “Манай хороо хэсгийн есөн ахлагчтай байсан. Айл өрхүүдээс статистик, судалгаа авч байгааг нь харахаар бүр инээдтэй. Явж ажил хийдэг хүн бараг байхгүй. Би өдөр бүр 5-6 айлаар явахад л зургаан сарын хугацаанд 1000 хүнтэй хэсгийнхээ 20-30 хувьд нь л хүрч үйлчилсэн. Тэгэхэд бусад хэсгийн ахлагч айлаараа ер явдаггүй. “Бид 5-10 жил ажилласан, айлуудын бүх судалгаа, мэдээлэл байгаа” гээд иргэдийн хуучин дата, мэдээллийг хуулаад л биччихнэ. Жил бүр айл өрхүүдийнхээ мэдээлэлд шинэчлэл хийх ёстой шүү дээ. Ам бүл нь нэмэгдсэн, хасагдсан, шилжсэн, шинэ хүн мэндэлсэн, эсэх, ажилгүй нь ажилтай болсон уу гэхчлэн иргэдийн амьдрал байнга өөрчлөгддөг. Гэтэл ер авч хэлэлцэхгүй. Олонх нь мэргэжил, боловсролгүй, их, дээд сургууль төгссөн ганц, хоёрхон л хүн байсан. Тэр ч яах вэ гэхэд адаглаад компьютерт арван хуруугаар шивдэг хүн ч ховор. Тэгсэн мөртлөө сонгуулиар үхэн хатан, ёстой л өдөр, шөнөгүй ажиллана шүү дээ. Нам нь ялагдвал бүгд ажилгүй болно хэмээн ил цагаан хэлэх юм билээ. Тэгэхээр хэсгийн ахлагч нарын чиг үүргийг цаашид тодорхой болгож, ажлын байрны шаардлагыг нь шинэчлэх, нам бус байх гэх мэт шалгуур тавих, төрийн албан хаагчийн шалгалт өгүүлэх зэргээр чанаржуулж, чадавхжуулахгүй бол төрийн анхан шатны ажил энэ янзаараа урагшлахгүй” гэж ярив.
ҮСХ-ноос гаргасан нийслэлийн хэмжээний хороодын ажлын гүйцэтгэлийг үнэлэх судалгаанд “Хүн ам, өрхийн мэдээллийн санд шинэчлэл хийх бүрд статистикийн анхан шатны мэдээ, тайлан, тооллого, судалгааг байнга хоцроодог, ажилтнууд нь мэргэжилгүй, мэргэжлийн бус, компьютер, программ ашиглах чадвар маш муу” хэмээн дурджээ.