“Оны онцлох хүүхэд-2025” шагнал гардуулах ажиллагаа өчигдөр Төрийн ордонд боллоо. Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн хөгжих эрхийг дээдлэн хүндэтгэж, тэдний ололт, амжилтыг алдаршуулах, нийгэмд зөв үлгэр дуурайлал түгээх зорилгоор жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулж, Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн шагнал гардуулдаг уламжлалтай.
2025 онд улс даяар нийт 1263 хүүхэд 10 номинацид нэр дэвшиж, 72 нь шилдгээр шалгарчээ. Тухайлбал, техник сэтгэлгээ, шинэ санаачилга, бүтээлч байдал төрөлд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Р.Ууганбаяр шалгарсан юм. Тэрбээр БНХАУ-ын Шанхай хотноо болсон “Enjoy AI2025” робот кодчиллын ДАШТ-ий 8-14 насны төрөлд түрүүлж, дэлхийн аварга сурагч болжээ. Сурлага, амжилтаараа тэргүүлсэн шилдэг 72 сурагчийн хамгийн бага нь Монгол ёс, түүх соёлыг өвлөн уламжлагч төрөлд шагнал авсан Ховд аймгийн Зэрэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3б ангийн сурагч А.Наранцолмон, Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн 5з ангийн сурагч Ц.Нандин-Эрдэнэ нар байлаа.