Төрийн ордонд энэ сарын 10-нд эхэлсэн Оюутолгойн хяналтын сонсголын үеэр иргэн Ц.Оюунжаргал Зөв. мн сайтын сэтгүүлч Т.Отгонсувдын биед халдаж, нүүр лүү нь нулимж танхайрсан юм. Өнгөрсөн хавар болсон “Огцрох амархан” жагсаалтай зэрэгцэн “Ухаа худгаа аваръя” жагсаал өрнөсөн бөгөөд тухайн үед олон нийтэд “ногоон нүдний шил”-ээрээ танигдсан Ц.Оюунжаргал гэх эмэгтэй ярилцлага авсангүй хэмээн тухайн сэтгүүлчтэй маргалдаж, зүй зохисгүй авирласан. Түүний эл үйлдлийн эсрэг сэтгүүлч Т.Отгонсувд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж, шүүхэд шилжүүлсэн аж. Тэгвэл өчигдөр Ц.Оюунжаргалд холбогдох хэргийн шүүх хурал Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болж, түүний танхайрсан үйлдэлд нь 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноосон байна. Тэрбээр шүүхийн танхимд сэтгүүлчээс уучлалт гуйж, хийсэн үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлжээ.
Ч.Цэлмэг