Цахим орчинд “И-Монголиа” систем хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан тухай шуугьж буй. Энэ талаар “И-Монголиа” академиас тодруулахад “Бид иргэдийн мэдээллийг алдаагүй. Үүссэн нөхцөл байдлыг шалгахад тухайн хэрэглэгч “Microsoft EDGE” хөтөч ашиглан “И-Монголиа” системээс үйлчилгээ авчээ. Улмаар тухайн хөтөч хэрэглэгчийн хувийн мэдээллийн холбоосыг цуглуулж, “Bing” хайлтын систем рүү дамжуулсан байна. Харин иргэдийн түгээмэл ашигладаг “Google”, “Chrome”, “Firefox Mozilla” зэрэг хайлтын системд ямар нэгэн асуудал гараагүй. Бид иргэдийн нийтлэг ашигладаг вэб хөтөч, хайлтын системүүдтэй “И-Монголиа”- гийн нийцлийг хангах хөгжүүлэлт хийсэн. Гэвч харьцангуй бага хэрэглэдэг вэб хөтөч, хайлтын системүүдэд бүрэн гүйцэт туршаагүйн улмаас эл үл ойлголцол бий болжээ. Бид баримт бичиг, файлын нууцлалыг нэмэгдүүлэх, “Edge” хөтөч, “Bing” хайлтын системийн эзэмшигч байгууллага руу албан хүсэлт хүргүүлэх зэргээр шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Мөн “И-Монголиа” систем нь иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг өөрийнх нь хүсэлтээр хариуцагч байгууллагаас татаж харуулдаг. Жишээ нь, Улсын бүртгэлийн ерөнхий газарт таны бүртгэлийн мэдээллийг хэрхэн хадгалж байна, түүгээр нь л дамжуулан үзүүлдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “И-Монголиа” систем иргэдийн мэдээллийг хадгалдаггүй учраас алдах боломжгүй” гэсэн юм.
Э.Сүйлэн