Улсын хүүхэд, залуучуудын театрынхан шинэ оны анхны бэлгээ задаллаа. Хүүхэд, залуусын шимтэн үзэх дуртай дэлхийн алдарт “Аддамсын гэр бүл” хөгжимт жүжгийг тус театрынхан албан ёсны эрхтэйгээр толилуулахад бэлэн болоод байна. Монголд анх удаа тавигдаж буй тус жүжиг нь инээдмийн, аймшгийн, мюзикл төрөл хосолсноороо онцлогтой.
“Аддамсын гэр бүл” гаднаасаа инээдэм наргиа, хар бараан бүхнээр дүүрэн мэт харагддаг ч үнэндээ тэдний дотор хамгийн энгийн, чин үнэнч сэтгэл оршиж байдаг билээ. Улмаар энэ жүжиг нь нийгмийн хүнд сэдвүүдийг, тэр дундаа ялгаатай байдал нь алдаа бус, энгийн л зүйл гэдгийг хөнгөн инээд, хөгжим, хөдөлгөөнөөр дамжуулан хүргэх гэж буйгаараа давуу талтайг театрын уран бүтээлчид онцолсон. Гэр бүл гэдэг чиний хэн болохыг асуухгүйгээр хайрладаг хүмүүсийг хэлдэг. Үүнийг ойлгуулах жүжиг бол “Аддамсын гэр бүл” юм.
Сонгинохайрхан дүүрэгт байрлах Улсын хүүхэд, залуучуудын театрын шинэ оны анхны уран бүтээлийг үзэхийг хүсвэл тасалбарыг ticket.mnээр худалдаалж буй юм байна шүү. Энэ сарын 16-18, 23-25, 31-нд тус тус тоглох жүжгийн уран сайхны удирдагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, ерөнхий продюсер, найруулагчаар Гавьяат жүжигчин Н.Ариунболд нар ажиллаж буй бөгөөд театрын уран бүтээлчид гол болон туслах дүрүүдийг бүтээжээ. Тухайлбал, гол дүрийн жүжигчин Гомезийг СТА А.Ганзориг, Мортисиаг СТА Х.Азбуян, Уэнсдэйг Ц.Болорцэцэг, Пагслейг Э.Болорцэцэг, Лукасыг О.Энхбилэг нар амилуулах нь.
М.Гэгээ