Улсын дуурь бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-ынхан сонгодог хөгжим сонсох дуртай үзэгчидтэйгээ шинэ оны эхний тоглолтоороо уулзахад бэлэн болжээ. Яруу тансаг симфони найрал хөгжмийг дэргэдээс нь сонсох боломжтой уг тоглолтыг энэ сарын 17-ны 17:00 цагт ганцхан удаа толилуулах гэнэ. УДБЭТ-ын II давхрын Фоейнд болох тус концертоор П.И.Чайковскийн “Цөмөөхэй сюит”, И.Штрауссын шилмэл бүтээлүүдийг хүргэнэ.
Түүнчлэн Австрийн суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан түүний сүүлчийн дууриудын нэг “Увдист лимбэ”-ийг энэ сарын 24, 25-нд тоглохоор бэлтгэж эхэлсэн байна. Австрийн нэрт удирдаач Маттиас Флетцбергерийн удирдах тус дуурь нь үлгэрийн, хөнгөн өнгө аяс ба гүн ухаан, гэгээрлийн санааг хослуулдгаараа онцлогтой.
О.Ундрах