МУГЖ, зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа урлагт зүтгэсэн 40 жилийн ойгоо үнэнч шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэхээр болсноо мэдэгдлээ. Тэрбээр “Амьдрал намайг дуунд уяраажээ” тоглолтоо 2026 оны зургаадугаар сарын 6-нд 18.00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд толилуулах нь.
Б.Сарантуяа 16 настайгаасаа дуулах хүсэлдээ хөтлөгдөн урлагийн замналаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш эстрад, рок попын тайзнаа ийнхүү 40 жил уран бүтээлээ тасралтгүй туурвижээ. Улмаар 1996 онд Соёлын төв өргөөний тайзнаа “Хайрын бурхан-10 жил”, 2016 онд “Corporate convention hall”-д 30 жилийн ойн тоглолтоо тус тус хийж, рок попынхон, гэр бүл, дотнын найз нөхөд, мэргэжлийн урлагийн байгуулагууд, фенүүдтэйгээ баяраа тэмдэглэж байж. Тэгвэл 40 жилийн ойгоо түмэн олонтойгоо, 40 дуу дуулж, урьд өмнө нь “сонсож байгаагүй” Сарааг үзүүлэхийг хичээнэ гэдгээ тэрбээр шүтэн бишрэгчиддээ амлаад байна.