Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний, хараат бус, бие даасан байгууллага үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой өчигдөр тохиов. УИХ-аас 2000 оны арванхоёрдугаар сарын 7-нд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг баталж, хоёр сарын дараа анхны гурван гишүүнийг томилсноор тус байгууллагын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Хүний эрхийн үндэсний байгууллага үүссэний ойд зориулсан Хүндэтгэлийн хурал өчигдөр болж, 25 жилийн алдаа, оноогоо дүгнэсэн юм.
ХЭҮК жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл бэлтгэж, парламентад хүргүүлдэг. Тэгвэл тэд өнгөрсөн хугацаанд 485 дэд сэдвээр дүн шинжилгээ хийж, 24 удаагийн илтгэлдээ тусгажээ. Мөн Монгол Улсад хэрэгжиж буй хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг хүний эрхийн гол зарчмуудад нийцүүлэх чиглэлээр ажилласан байна. ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Бид Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын 50 хувьд нь саналаа хүргүүлсэн. Хүний эрх бол хууль тогтоомж дахь нэг гол тулгуур багана юм. Бид амьжиргааны чанарыг сайжруулж, тэгш бус байдлыг хангахын төлөө ажилладаг. Түүнчлэн ардчилсан улсад зөвхөн олонхын биш, нийгмийн бүх бүлгийн, түүний дотор цөөнхийн эрхийг хамгаалахад анхаарах учиртай” гэлээ. ХЭҮК өнгөрсөн хугацаанд хүний эрх хамгийн ихээр зөрчигддөг сургуулийн дотуур байр, цэргийн болон хорих анги зэрэгт ажиллаж, зөрчлийг арилгуулахад анхаарчээ. Мөн төрийн албан хаагчдад хүний эрхийн чиглэлээр сургалт хийж, иргэн, төр хоёрын хооронд гүүр болон ажилласан гэлээ. Хүндэтгэлийн хуралд оролцсон Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн “Хөгжлийн бодлогын гол цөм нь хүний эрх юм. Хөгжлийн гадна хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримталдаг. Монгол Улсын ХЭҮК хүний эрхийн үндэсний байгууллагуудын зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулж, А статусаар дөрвөн удаа магадлан итгэмжлэгдсэн нь олон улсад ардчиллыг бэхжүүлэх түвшинд үр дүнтэй ажиллаж буйн баталгаа” хэмээн үнэлэв.
Хэдийгээр ахиц дэвшил байгаа ч дутагдал, хүний эрхийн зөрчил гарсаар байгааг оролцогчид хэлж байлаа. Хүндэтгэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ УИХын дарга Н.Учрал үнэнтэй нүүр тулж, дутагдлыг арилгахын тулд зөвхөн ХЭҮК гэлтгүй, парламент, төрийн байгууллагууд харилцан уялдаатай ажиллахын чухлыг онцолсон. Ялангуяа хүүхдийн эрхийг хэрхэн хангаж буй нь улс орны бодлогын нэг чухал шалгуур хэдий ч манайд энэ нь хангалттай бус байгаа. Тиймээс 2026 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлаж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг төрийн бодлогын төвд тавьж, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ бодит ажил болгоход онцгойлон анхаарч байгааг хэлсэн юм.
С.Уул