Төрийн үнэт цаас хэвлэл ТӨОХХК-ийн зорилгыг “Үндэсний гадаад паспортыг Иргэний нисэхийн байгууллагын шаардлага (ИКАО)-д нийцүүлэн дотооддоо үйлдвэрлэх замаар үндэсний аюулгүй байдлыг хангахад гол дэмжлэг үзүүлэх, үндэсний үнэт цаасны үйлдвэрлэлийн олон улсад өрсөлдөх чадварыг хөгжүүлэхэд оршино” гэж тодорхойлсон. Тэгээд Засгийн газрын 2023 оны 69 дүгээр тогтоолоор үндэсний цахим гадаад паспортын бэлдцийг үйлдвэрлэх, бичилт хийх төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулжээ. Гэтэл тус төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэг бүр нь 1000 төгрөгийн нийт 31,598,373 ширхэг энгийн хувьцааны 51 хувийг Засгийн газрыг төлөөлөн Улсын бүртгэлийн ерөнхий газар, 49 хувийг “Мигасон” ХХК эзэмшдэг байна. Энэ нь компанийн засаглал, нууцлал зэрэгт харшилж байгааг тус компанийн 2025 оны санхүүгийн тайланд ҮАГ-аас хийсэн аудитаар илрүүлжээ. Мөн санхүүгийн олон арван зөрчлийг гаргаж ирсэн байна.
“Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨОХХК-ийн санхүү, бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг Даймонд программын үндсэн эх код, эзэмшигч нь тус үйлдвэрийн хувьцаа эзэмшигч “Мигасон” ХХК байгаа нь санхүү, төсвийн үйл ажиллагаа хараат бусаар хэрэгжих, хөгжүүлэлт хийх, нууцлалын шаардлага хангахгүй байгаа нь илэрчээ.
Ерөнхийдөө төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотой этгээдийн засаглал, хэтийн бизнес төлөвлөгөө, үндсэн үйл ажиллагаатай холбоотой олон зөрчил илэрсэн байна. Тухайлбал, “Төрийн үнэт цаас хэвлэл” ТӨОХХК засаглалын хувьд төлөвшөөгүй, стратеги төлөвлөгөө байхгүйгээс Хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хурлыг оны эцэст буюу 12 дугаар сард хийж, тайлант онд төлөвлөгөөгүй ажилласан. Үйлдвэрийн зарим үйл ажиллагаа түр зогссон, ашигт ажиллагаа буурсан нь цаашид компанийн хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж, үйлдвэрлэл тасалдах, Монгол Улсын иргэдийн зорчих эрхэд сөрөг нөлөө үүсэх эрсдэл үүссэн байна.
Мөн цахим гадаад паспорт үйлдвэрлэхэд ашигладаг 137200 ширхэг поликарбонатыг 5,363.3 сая төгрөгөөр худалдан авсан байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцад түүхий эдийн чанараас шалтгаалан жилийн эцсийн байдлаар 78.2 сая төгрөгийн өртөгтэй 1302 ширхэг цахим паспорт чанарын шаардлага хангахгүй хэвлэгдэж, хорогдол үүссэн. Компанийн хэмжээнд 2023-2025 онд нийт 15711 ширхэг, 1,351.1 сая төгрөгийн үнэтэй поликарбонат гологдол үүсгэсэн, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд орохоос өмнө чанарын шаардлага хангахгүй, түүхий эд нийлүүлэгдсэн нь балансын болон үйлдвэрлэлийн ашигт ажиллагааны нөлөөлж алдагдал хүлээж, болзошгүй болжээ.
Эдгээрээс гадна компанийн 2025 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшнийг ТУЗ-өөр хэлэлцүүлж, батлуулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулж, хөрөнгө, мөнгө зарцуулсан, оны эцэст гүйцэтгэлтэй уялдуулан нөхөн батлуулсан нь өмнөх илэрсэн ч уг зөрчлийг арилгаагүй байна.
М.Бат-Эрдэнэ