Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн АТГ-т хандахдаа хэлснээр “Бодь интернэйшнл”-ийн урьдчилгаа болгож авсан 110 сая доллар Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд оролцсон хүмүүст очсон. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам”-ын захирал асан Н.Удаанжаргал, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нар 110 сая долларын тодорхой хувийг авсан гэдэг мэдээлэл байгаа. Өөр хэн хэн авсан нь одоогоор тодорхойгүй.
Харин яагаад төмөр замын бүтээн байгуулалтын өртгөөс 110 сая долларыг илүүчлэн авлига хэлбэрээр тараах болов?
Баримт түшиж тайлбарлавал “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь Интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ 2019 оны 10 сарын 29-нд хийгдсэн. Гэрээнд 2020 оны 6 сарын 10-нд нэмэлт өөрчлөлт орсон. Гэрээний нийт санхүүжилт 1,005,630,179 доллар байсан. Үүнээс урьдчилгаа төлбөр болох 110 сая долларыг 2019 оны 10 сарын 11, 23-ны өдрүүдэд төлсөн.
Гэтэл ажлын урьдчилсан гүйцэтгэл байхгүй, талууд харилцан тохиролцож, гэрээ албан ёсоор байгуулагдаагүй байх үед урьдчилгаа төлбөр болох 110 сая долларыг 2 хуваан “Бодь интернэйшнл” компанид шилжүүлсэн нь хожим аудит болон хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэрээний 3.5.1-т: Захиалагч нь энэхүү гэрээний 3.2.1-д заасан урьдчилгаа төлбөрийг шилжүүлэхдээ уг санхүүжилтийн хүрээнд хийгдэх барилгын ажлын захиалагчийн хяналтын зардал болох 2,827,749.38 долларыг хасаж шилжүүлнэ гэж заажээ.
Хамаг учир нь Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтын үнийн дүн нь тус гэрээнээс 6 сарын өмнө хийгдсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн бүтээн байгуулалтын өртөгтэй харьцуулахад хэт өндөр байв.
Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтын 1 км-т ногдох нийт дүн: $1,005,630,179.00/233.6 км = $4,304,923.71, үүнээс “Бодь интернэйшнл”-ийн ажил үүрэг гүйцэтгэж буй 1 км-т ноогдох өртөг: $3,836,044.52 болно. Ийм байтал Тавантолгой-Зүүнбаян төмөр замын бүтээн байгуулалтын 1км-т ногдох дүн: $528,571,428.578/416.1 км = $1,270,299.04 байсан. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын 2019 оны 6 дугаар сард хийсэн гэрээгээр хийсэн ажлын 1 км замыг 1.3 сая доллароор үнэлсэн бол 4 сарын дараа буюу 2019 оны 10 сард хийсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын 1 км-т ногдох ажлыг 4.3 сая доллар болгосон. Өмнөхөөс даруй 3.3 дахин өндөр өртгөөр санхүүжүүлсэн. Чухамхүү Гашуунсухайтын төмөр замыг 3 дахин их өртгөөр барьсан “Бодь интернэйшнл” 110 сая доллароор нь найрлахаас аргагүй болсон бололтой. Чухам тэр найранд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Б.Энхбаяр хэн хэн оролцож хувь хүртсэн бол?
М.Бат-Эрдэнэ