УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзаж, эдийн засгийн орчин, үйл ажиллагаанд нь тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцов. Төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэдгээ тэрбээр энэ үеэр онцолсон. Мөн “Төр баялаг бүтээдэггүй, харин тэдний төлсөн татварыг шударга, үр ашигтай хуваарилж, бизнес эрхлэх тогтвортой орчныг бүрдүүлэх үүрэгтэй” гээд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн үйл ажиллагаанд үүсэж буй хүнд суртлыг бууруулахад анхаарна гэлээ. Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төсөлд ч хувийн хэвшлийнхний саналыг тусгана гэсэн байна.
Бизнес эрхлэгчдийн төлөөлөл татварын дарамтыг бууруулах нь л хамгийн чухал дэмжлэг болохыг сануулжээ. УИХ-ын дарга цаашид ийм уулзалтыг тогтмол хийж, хууль тогтоомжид тусгаад явах гэнэ.