Хотын дарга асан С.Амарсайханы нийслэлийн төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр барьсан, 84 м урт, 23.6 метрийн өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур эдүгээ төв талбайд хаягдан хоцорчээ. Сүхбаатарын талбайн урд хэсэгт буюу Хонхтой цэцэрлэг хүрээлэнгийн 1.6 га талбайд байгуулсан эл хөгжимт усан оргилуур одоо болтол ажиллахгүй хэвээрээ байгаа юм. 2020 оны зургаадугаар сард ашиглалтад оруулснаас хойш ганц, хоёрхон зун алдаг оног ажиллаад ийн “амь тасарсан” билээ.
Усан оргилуурын нээлтийн үеэр С.Амарсайхан “Шилэн пасадан шийдэлтэй, иргэдэд үйлчлэх нийтийн бие засах хоёр газар, хүмүүсийн амарч суух зориулалттай зургаан саравч, дөрвөн эгнээ шаталсан суудал бүхий хагас дугуй хэлбэрийн 800 ам метр задгай талбай зэргийг байгууллаа” хэмээн попорч байв. Гэвч удалгүй өнөөх өндөр өртөгтэй усан оргилуурынх нь хөгжим ч эгшиглэхээ больж, усаа зөөврөөр хийдэг нь ил болсон. Тэгвэл хот тохижилтын ажилчид ус зөөх бэлтгэлээ базааж буй бололтой, өчигдрөөс засвар үйлчилгээ хийгээд эхэлж. Усаа зөөх, үгүй нь бидэнд хамаагүй, утаа, тоостой Улаанбаатарт нэг ч гэсэн усан оргилуур хэрэгтэй байна. Тиймээс гэрэл, хөгжим нь ч дүүрч гэхэд ядаж ажиллуулаад өгөөсэй гэж иргэд хүсэж буйг үүгээр уламжилъя.
О.УНДРАХ