Спортын хутга шидэлтийн анхдугаар УАШТ “Наран” спортын төвд энэ сарын 29-31-нд болно. Насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр таван зай болон өсвөр үе, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын ангилалд өрсөлдөөн өрнөнө. Бие хамгаалах тулааны төрлүүдээс уг спортын онцлог, давуу талыг дотооддоо сурталчлан, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын сонирхож хичээллэх оролцоог нэмэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх тамирчдад боломж олгох зорилгоор зохион байгуулж буй аж.
Монголын хутга шидэлтийн спортын тамирчид өнгөрсөн хугацаанд олон улсын тэмцээнээс нийт 56 медальтай иржээ. Тодруулбал, ДАШТ-д тус бүр есөн алт, мөнгө, 14 хүрэл, “Дэлхийн цом”-д тус бүр нэг алт, хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөн тус бүр гурван алт, мөнгө, долоон хүрэл медаль хүртэж, Дэлхийн гардан тулааны их наадмаас гурван мөнгө, зургаан хүрэл медаль авчээ.
Нийслэлд өнгөрсөн жил спортын хутга шидэлтийн ДАШТ-ийг явуулсан бол энэ удаа Дархан-Уул аймагт ирэх сарын 25-30-нд тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна.