Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад энэ сарын 15-нд эбола вирусний анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Тэгвэл үүнээс хойш өдгөө 204 хүн нас бараад буйг ДЭМБ болон тус улсын Засгийн газраас мэдээллээ. Одоогоор халдварын 900 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 101-ийнх нь онош батлагдаад байгаа аж. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесусийн мэдээлснээр халдварын хяналтыг чангатгах арга хэмжээг идэвхжүүлснээр өвчний илрүүлэг ийн нэмэгдсэн гэв.
Халдвар Конго улсын зүүн хойд нутгийн Итури мужид голомтлон гарсан бөгөөд энд таван сая орчим хүн амьдардаг. Конгод болж буй үймээн самуунаас үүдэлтэйгээр эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн ажилтнууд дүрвэхэд хүрч, эбола вирусний халдварыг хумих, эмнэлгийн тусламж үзүүлэхэд хүндрэл үүсгэсээр байгааг олон улсын хэвлэлүүд онцолжээ. Гэсэн ч ДЭМБ болон түнш байгууллагууд Итури мужид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, өвчний тархалттай тэмцэж буй аж. Мөн Угандад эболагийн долоон тохиолдол бүртгэгдсэн байна.
Эбола нь агаар болон өвчтэй хүмүүсийн шүлс, хөлс зэрэг биеийн бүх төрлийн шингэнээр дамжин халдварладаг бөгөөд нууц үе нь гурван долоо хоног. Энэ удаагийн халдварын мутац нь 2007 онд дэлхий даяар дэгдсэн ховор төрлийн бундибугё хэмээх омгоос үүдэлтэй болохыг ДЭМБ баталгаажуулжээ. Уг үүсгэгчийн эсрэг вакциныг одоо болтол гарган аваагүй, тусгай эмчилгээ ч байхгүй гэнэ. Иймд халдвар авсан хүмүүсийн 30-50 хувь нь нас барах эрсдэлтэйг тус байгууллагаас сэрэмжлүүлэв.
О.ОРГИЛОХ