“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд 46 мянга гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр 21 км-т гүйгчид хамгийн их бэртэж гэмтжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Өнөө жил марафонд оролцогчид 30 орчим хувиар нэмэгдсэн тул тусламж, үйлчилгээний багийг өргөжүүлэн ажилласан. 2025 онд 15 эмч, мэргэжилтэн тусламж үзүүлсэн бол энэ удаад 31 болгон нэмсэн. Таних тэмдэгтэй нийт 152 хүн суурин болон явуулын тус бүр таван цэгт тусламж, үйлчилгээ үзүүллээ. Холын зайд гүйх үед толгой эргэх, цээж өвдөх, амьсгал давчдах, орон зайн баримжаа алдагдах зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрдэг. Мөн шөрмөс татсан, зүрх, судас, амьсгалын эрхтэн тогтолцоонд нь бэрхшээл учирсан олон хүн эмнэлгийн тусламж авсан” гэв.
Марафонд оролцогчид бэлтгэл сайн хангаагүйгээс, мөн сэтгэлийн хөөрлөөр гараанаас хэт хурдтай гүйх, шинэ гутал өмсөх, өлөн байх, хангалттай ус уугаагүй зэрэг шалтгаанаар гэмтэж бэртдэг байна. Дээр дурдсанчлан 21 км-т гүйгчдийн олонх нь өвдөг, шагайн гэмтэл авсан бөгөөд булчин нь зангирч, алхаж чадахгүй болсон тохиолдол ч цөөнгүй гарчээ. Тиймээс ирэх жил холын зайд гүйхээр төлөвлөж буй бол бэлтгэлээ эртнээс сайтар базаахыг албаныхан зөвлөлөө.
О.УНДРАХ