Монголд анх удаа говь, цөлөрхөг хээрийн бүсийн ургамлын олон янз байдлыг хамгаалах, унаган ургамлын үрийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор Ботаникийн цэцэрлэг байгуулах санаачилгыг Говь-Алтай аймгийн Хөхморьт сумаас эхлүүлснийг БОУАӨЯ-наас өчигдөр зарлалаа. Уг ажлын хүрээнд Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааг түшиглэн говь, цөлөрхөг хээрийн бүсэд ботаникийн цэцэрлэг байгуулж, богино, дунд хугацааны төлөвлөлтийг тодорхойлохоор хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Үүгээр холбогдох салбарынхан ургамлын нөөцийг хэрхэн хамгаалж, үрийн сан бүрдүүлэх, мөн нөхөн сэргээх талаар болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.
Говь, цөлд Ботаникийн цэцэрлэг байгуулснаар бүсийн унаган ургамлыг хамгаалах, үрийн нөөцийг хадгалах төдийгүй суль, элсний цулхир, урал чихэр өвс, монгол хунчир, чонон хармаг зэрэг эмийн болон эдийн засгийн ач холбогдолтой ургамлыг тарималжуулж, улмаар цөлжилттэй тэмцэх, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах боломж бүрдэх аж. Мөн судалгаа шинжилгээ, инновац, экологийн боловсрол олгох, сургалтын чиглэлээр хөгжих шинэ орчин бүрдэн, говь, цөлөрхөг хээрийн бүсийн экосистемийг хамгаалах урт хугацааны суурь бэхжих давуу талтай.
М.Гэгээ