Улаанбаатар хотын авто замд өнгөрсөн сарын 10-наас мопед, скүүтер, суррон буюу цахилгаан дугуйгаар хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Ингэхдээ явган хүний замаар зорчихгүй, 18 нас хүрсэн хүн жолооны А үнэмлэхтэй бол суррон унахыг зөвшөөрөх зэрэг захирамжаар хязгаарлалт тогтоож өгсөн билээ. Гэвч нийслэлийн Засаг даргын энэ захирамжийг үл ойшоож, насанд хүрээгүй хүүхдүүд дээрх тээврийн хэрэгслээр зорчиж, гэмтэж бэртэх тохиолдол гарсаар байна.
ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасагт энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 21-ний хугацаанд мопед, скүүтер, сурронноос унаж гэмтсэн 531 хүн үйлчлүүлжээ. Тэдний 61.2 хувь нь эрэгтэй, 38.8 хувь нь эмэгтэй. Тухайн тээврийн хэрэгслүүдэд мөргүүлсэн явган зорчигчийн олонх нь эмэгтэй бол бусад хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо гэмтсэн тохиолдлын ихэнхийг эрчүүд эзэж байна. Гэмтсэн хүмүүсийн 56.7 хувь нь 20-иос дээш, 32.4 хувь нь 15-19, 10.9 хувь нь 0-14 насныхан аж.
Тодруулбал, 0-9 насны 18 хүүхэд эдгээр тээврийн хэрэгслийн улмаас гэмтсэн бөгөөд зургаа нь мопед, гурав нь скүүтер, нэг нь суррон унаж, найм нь явган явж байгаад бэртжээ. 15-19 насныхны тухайд 172 хүүхэд гэмтсэний хамгийн олон буюу 111 нь мопед унаж байгаад эмнэлэгт хандсан. Хүмүүсийн 95 нь явган явж байхдаа мопед, скүүтер, сурронд мөргүүлж гэмтсэн байна. Өөрөөр хэлбэл, эдгээр тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрснөөс хойш буюу ердөө сар гаруйн хугацаанд ийм олон хүн бэртжээ.
Ч.Туяа