Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нийслэлд долоо хоног зохион байгуулсан олимпын таеквондогийн Азийн АШТ-ий дараа парагийн тулаан үргэлжилсэн. Монголын үндэсний шигшээ багийнхан олимпын төрлөөс нь хоёр хүрэл медаль хүртсэн бол парагийн тамирчид дасгалжуулагч М.Түмэнбаяр, Д.Батнасан нарын удирдлагад оролцож, хошой алтан медальтай өндөрлүүллээ. “М банк” аренад 43 орны 1300 гаруй тамирчны ширүүхэн өрнөсөн тулаанд манайхаас эрэгтэйчүүдийн К44 ангиллын 63кг-ын жинд дэлхийн таван удаагийн аварга, “Парис-2024” паралимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ хагас шигшээд Узбекистаны Кудратжон Хайдаровыг 9:2, 7:6 -гаар ялж, аваргын төлөө өрсөлдсөн. Алтан медалийн төлөөх тулаанд Ираны тамирчин, ДАШТ-ий иж бүрэн медальт Садегианпур Саидыг 2.0-ээр буулган авч, нутгийнхаа дэвжээнд тивийн аваргаар зургаа дахь удаагаа тодров.
Эмэгтэйчүүдээс 52 кг-д паралимпын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин У.Сүрэнжав хагас шигшээд Узбекистаны тамирчин Мамараджабова Умидаг 2:0-ээр илүүрхэж, аваргын төлөө мөн тус улсын Рустамова Кароматойг 2:1-ээр хожин тивийн хошой алтан медалийн эзэн болж, шилдэг тамирчнаар шалгарснаар пара таеквондочид багийн дүнгээр III байр эзэллээ. Тус тэмцээн нь зөвхөн спортын өрсөлдөөн бус, Монголын спортын хөгжлийг дэлхийд таниулж, эх орондоо хойшид олон улсын томоохон спортын арга хэмжээг зохион байгуулах боломжтойг харуулж, залуу тамирчдад мөрөөдөл, урам зориг өгсөн онцлох үйл явдал байлаа.