Улаанбаатар хотод зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь нь шатрын спортынх. Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар өнөөдөр эхэлж буй эл тэмцээнд 27 орны 240 гаруй тамирчин хөлөг дээр оюун ухаанаа 10 хоног уралдуулах нь. Тивдээ хамгийн өндөр чансаатай тус тэмцээний нээлттэй төрөлд эхний таван байрт орж, эмэгтэйчүүдийн ангилалд аваргаар шалгарвал ирэх жил болох “Дэлхийн цом”-д оролцох эрх авна.
Ташрамд дуулгахад, Монголын шатрын холбоо, Боловсролын яамтай хамтран ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад шатраар хичээллэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор нийслэлийн ерөнхий боловсролын I сургуулийн 1-5 дугаар ангид шатрын хичээл долоо хоног бүр нэг цагаар орж, туршилтын хөтөлбөрийг эхлүүлсэн. Бага ангийн хоёр сурагч дундаа нэг сургалтын шатартай байх юм. Суралцагч бүрд насных нь онцлогт тохируулж боловсруулсан дасгалын ном хэрэглүүлж буй аж. Шатрыг шууд тоглож эхлэхээс илүүтэй суралцагчдын сонирхлыг татах тоглоомын карт, бусад хичээлтэй, тухайлбал, математикийн хичээлтэй холбосон сонирхолтой даалгавар бүхий дасгалууд ажиллуулах нь бага ангийн сурагчдад илүү тохиромжтой болохыг шатрын холбооны дасгалжуулагчид өгүүлэв.
Шатрын хичээлийг удирдан явуулж байгаа багш нарын ажигласнаар анги тус бүрд шатрын нүүдэл мэддэг, анхан шатны мэдэгдэхүүнтэй суралцагч 30 орчим хувь байжээ. Хоёр удаагийн хичээлийн дараа суралцагчид шатрын нэршил, хөлөг, байршил, нүүдлийг мэдсэнээс гадна хүлээцтэй байх, эсрэг тоглогчдоо хүндэтгэлтэй хандах зэрэг төлөвшлийн ахиц гарч буйг анги удирдсан багш нар ажигласан байна. Ерөнхий боловсролын сургууль бүрд шатрын сургалтыг хойшид зохион байгуулах шаталсан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, дасгалын ном, хэрэглэгдэхүүнээр хангахад Боловсролын яам, Монголын шатрын холбоотой хамтран ажиллах юм.