Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо багийн нутаг, Туул голын зүүн эрэгт орших Өлзийт нуга гэх газарт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Бронз хиллс” ХХК хууль зөрчин алт олборлож, байгаль орчин болон түүхийн дурсгалт газрыг сүйтгэсэн талаар Рашаант тосгоны малчин Н.Батбаяр, экологич Д.Туяа, иргэн Ц.Сувд-Эрдэнэ нар өчигдөр мэдээлэл хийлээ. “Бронз хиллс” ХХК нь 2024 оны аравдугаар сарын 30-нд 48.83 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд сумын удирдлага нь ч “Холбогдох бичиг баримт нь бүрэн хангагдсан” хэмээн иргэддээ мэдээлж байжээ. Гэвч экологич болон иргэдийн хамтарсан шалгалтаар тухайн компани нь сумын ИТХ-аар асуудлаа хэлэлцүүлээгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулаагүй, Засаг даргын захирамжгүйгээр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон байна. Улмаар улсын байгаль орчны байцаагч акт бичиж, үйл ажиллагааг нь түр зогсоосон аж.
Тус компанийн эзэмшлийн талбайд Хүннүгийн болон хүрэл зэвсгийн үеийн түүхийн үл хөдлөх дурсгал болох 10 хиргисүүр байснаас гурав нь олборлолтын явцад сураггүй болж, бусад нь сүйдэх эрсдэлд оржээ. “Бронз хиллс” ХХК-ийнхны уг үйлдэл Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38.1-д заасан урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг зөрчсөн тул тусгай зөвшөөрлийг нь яаралтай хүчингүй болгохыг шаардав. Мөн соёлын өвөө нэмж сүйтгэгдэхээс сэргийлж, талбайг яаралтай битүүмжлэн, хамгаалалтад авахыг хууль хяналтын байгууллагынхнаас тэд хүсэж, уг асуудалд анхаарлаа хандуулахыг Төрийн тэргүүнд уламжиллаа.
Б.АРИУНЖАРГАЛ