Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 993 хэргийг мөрдөн шалгаснаас тавыг нь шүүхэд шилжүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн юм. Тэдний дунд ямар ч гэрээ байгуулалгүйгээр их хэмжээний мөнгийг иргэдийн данс руу шилжүүлсэн үйлдэл багтсан байв. Тэр нь Геологийн төв лаборатори (ГТЛ)-ийн захирлаар ажиллаж буй О.Даваасамбуутай холбоотой үйлдэл аж. Тус лаборатори нь төрийн өмчит үйлдвэрийн газар статустай учраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд аливаа худалдан авах ажиллагаа, гэрээ хэлцэл хийх ёстой. Гэвч захирал нь үүнийг зөрчиж, ерөнхий нягтлан бодогч С.Пүрэвгарьдтайгаа тохиролцон төлбөрийн даалгавруудад гарын үзэг зурж, мөнгө шилжүүлэн авч байсан хэрэгт холбогдсон байна. Тухайлбал, “Хас эко линк” гэх компани руу 6.6 сая төгрөг шилжүүлээд түүнийхээ 6.1 саяыг нь хамаарал бүхий “Боврой” ХХК-ийн дансанд шилжүүлэн авсан гэнэ. Энэ мэтээр нэг бус аж ахуйн нэгжийн дансыг ашиглан мөнгө гаргаад, өөрийн хамаарал бүхий компани руу шилжүүлэн авч хувьдаа ашиглаж байсныг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон аж. Тиймээс О.Даваасамбуу, С.Пүрэвгарьд нарт Эрүүгийн хуулийн 22.1- 1 дэх хэсгийн “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж дуусгажээ
Үүнээс өмнө ГТЛ-ийн захирлаар ажиллаж байсан Э.Тэгшжаргал, нягтлан бодогч М.Хоролсүрэн нарыг мөн л албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан АТГ-т шалгасан юм.