Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд ногдох ашгийг ирэх сарын 1-нээс хууль ёсны өвлөгчид нь шилжүүлэх шийдвэр гарсан. Үүний хүрээнд 2011 оны гуравдугаар сарны 31-нээс хойш нас барсан 130 мянга гаруй хувьцаа эзэмшигчийн үнэт цаас, түүний ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид нь өвлөн авах боломж бүрдсэн билээ. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компани өчигдөр мэдээлэл хийлээ. Өв залгамжлагч нь 158989 гэсэн тусгай дугаарт нас барсан хүнийхээ регистрийн дугаарыг бичин явуулж, хувьцааны мэдээллээ шалгах юм байна. Түүнчлэн нас барсны гэрчилгээ, тухайн хүний хууль ёсны өв залгамжлагч гэдгээ нотлох баримт, сум, хорооны Засаг даргын гарын үсгээр баталгаажсан лавлагаа зэргийг бэлтгэнэ. Улмаар уг мэдээллийг нотариатаар батлуулж, Өвлөх эрхийн гэрчилгээ авсны дараа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бичгээр болон цахимаар хүсэлт гаргаж байж, хувьцаа эзэмших эрхтэй болох нь.
С.ЦЭРЭН