УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл боловсруулж буй аж. Тэд уг төсөлдөө өчигдрөөс эхлэн олон нийтийн саналыг авахаар УИХ-ын dparliament.mn албан ёсны хуудсанд байршуулсан байна. Эл төслөөр тэд хүн бүр, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эх, 0-3 хүртэл насны хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан хүнд төрийн бүх төрлийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх, таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьжээ. Дээрх иргэд бусдын туслалцаагүйгээр үйлчилгээ авах, зорчих боломжоор хангагдах нөхцөлийг “саадгүй орчин” хэмээн тодорхойлж буй юм.
Төрийн бүх шатны байгууллага, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, авто болон төмөр, агаарын зам, нийтийн тээвэр зэрэг газар саадгүй зорчих стандартыг мөрдөх ёстой гэж төсөлд тусгажээ. Ийм стандартыг холбогдох төрийн захиргааны байгууллага нь боловсруулж, мөрдүүлэх юм байна. Тиймээс санаачлагч гишүүн Ж.Баясгалан иргэдийг саналаа өгөхийг уриалжээ. Энэхүү хуулийн төслөөр удахгүй салбарын хэлэлцүүлэг хийх гэнэ.
С.УУЛ