Нийслэлийн аварга шалгаруулах үндэсний шагайн харвааны тэмцээнд 40 багийн харваачид оролцож, цэц сорив. Насанд хүрэгчдийн ангилалд Монгол Улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай “Алдар” спорт хороо, “АПУ” ХК-ийн баг улсын аваргаар шалгарч, Монгол Улсын хошой мэргэн З.Банзрагч ахлагчтай “Дөрвөн өсөх”, “Алдар” спорт хорооны харваачид мөнгө, Аймгийн гоц мэргэн А.Ариунгэрэл ахлагчтай “Эхлэл” групп, “Өндөрлөг бүрэг” багийнхан хүрэл медальтай өндөрлүүллээ.
Хувийн цуваа харвааны төрөлд аймгийн гоц мэргэн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын хошой мэргэн З.Банзрагч, Ж.Лхагвасүрэн нар эхний гурван байрт оржээ.
Ахмадын багийн төрөлд Монгол Улсын гарамгай мэргэн Т.Базарханд ахлагчтай “Ноён домбо”-ынхон түрүүлсэн бол Монгол Улсын үлэмж дархан мэргэн Н. Бумбаа ахлагчтай “Горгаз” ХХК-ийн харваачид удаалж, Л.Нинжинбаатар ахлагчтай “Төмөр зам” багийнхан III байрт шалгарсан юм. Өсвөр үеийнхний харваанд Н.Эрхэмбилэг ахлагчтай “Цэц”-ийнхэн тэргүүлж, Б.Болоршагай ахлагчтай “Хан Хэнтий”-гийн харваачид мөнгө, П.Амартүвшин ахлагчтай “Мэргэн” андууд багийнхан хүрэл медаль хүртсэн байна.