Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж оролдсон нь Филиппиний хоёр удмын хоорондох засгийн төлөөх тэмцлийг хурцатгаж орхижээ. Тус улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос өндөр албан тушаалтнуудаа яаралтай хуралдуулахаар болсон нь эндхийн парламентын дээд танхим-Сенатын ордонд буун дуу гарсантай холбоотой байв.Ы Тэр бол 1964-1986 онд Филиппиний 10 дахь Ерөнхийлөгч байсан Фердинанд Маркосын хүү юм. Эцэг нь сөрөг хүчнээ нухчин дарсан дарангуйлагч, авлига, өөрийгөө тахин шүтэх байдлыг бий болгогч хэмээн тус улсын түүхэнд орсон нэгэн байв.
Төрийн тэргүүн байсан, одоо баривчлагдаад Гаагад буй Родриго Дутертегийн ойрын хамтран зүтгэгч асан, сенатор Рональдо де ла Росаг баривчлах шийдвэрийг хууль хяналтын байгууллага нь хэрэгжүүлэх гэснээс Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгч хатагтай Сара Дутерте нарын хоорондын тэмцэл эцэстээ тултал хурцаджээ. Сара бол Төрийн тэргүүн асны охин.
Хүү Маркос бий болсон нөхцөл байдлыг хэлэлцэхийн тулд тавдугаар сарын 14-ний пүрэв гарагт Засгийн газрын гишүүн болон аюулгүй байдлын албаны төлөөлөлтэй уулзсан байна. Хаа нэгтээ бус, парламентын ордон дотор давшилтын винтов буугаар арван удаа буудах дуу сонсогдлоо. Чухам хэн буудав, өрөөндөө байсан де ла Роса юу, өөр хүмүүс үү гэдэг нь тодорхой бус. Нэг хүнийг саатуулсан, байдлыг одоо тодруулж байна гэж л Филиппиний цагдаагийн байгууллага мэдээлсэн. Хууль сахиулагчид баривчлахаар ирэх нь гэх сэжгээ хуваалцахдаа де ла Роса “Ерөнхийлөгч Дутертед тохиолдсон шиг бас нэг филиппин хүнийг Гаагад битгий аваачаасай гэсэндээ би тусламж хүсэж та бүхэндээ хандаж байна” гэж хэлжээ.
Буу дуугарснаас хойш баривчлах зөвшөөрөл өгөөгүй гэж улсын Ерөнхийлөгч хэлсэн ч гадаад төрх байдлаараа “Бато” (хад, асга) гэх хоч авсан де ла Росаг баривчлах шийдвэрийг Олон улсын эрүүгийн шүүх бүр 2025 оны арваннэгдүгээр сард өгсөн байв. Энэ тухай мэдээллийг харин гуравдугаар сарын 11-нд ил болгосон байна. 2016-2022 онд Ерөнхийлөгч байсан Родриго Дутертегийн мансууруулах бодисын эсрэг кампанит ажилд Үндэсний цагдаагийн байгууллагын дарга байсан де ла Роса идэвхтэй оролцож байж. Дараа нь Сенатын нийгмийн хэв журам сахиулах, хар тамхитай тэмцэх хорооны даргаар ч ажиллаж байв. Хар тамхины мафитай тэмцэх ажлын явцад түүнийг худалдаж, түгээж байсан хэрэгт сэжиглэгдэн олон мянган хүн амиа алджээ. Олон улсын эрүүгийн шүүх энэ хэргийг одоо ч мөрдөн шалгаж байгаа аж. Хүн ёсны эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт юуны түрүүнд Родриго Дутартег буруутгаж байгаа.
Түүнийг 2025 оны гуравдугаар сарын 11-нд тус улсын нийслэл Манила хотод баривчилж, тэр даруй Гаагад авчирсан байна. Олон улсын эрүүгийн шүүх нүүр тулан шүүж буй анхны Төрийн тэргүүн нь Родриго Дутерте юм. Ерөнхийлөгч байхдаа бол Гаагад очихгүй байхын төлөө чадах бүхнээ хийжээ. Түүний чармайлтаар 2018 оноос Филиппин улс Олон улсын эрүүгийн шүүхэд хамааралгүй, шаардлагыг нь биелүүлэх үүрэг хүлээхгүй болжээ. Гэлээ ч Дутерте эрх мэдэлгүй болсноор баривчлагдав. Де ла Роса урьд нь өөрийг нь хамгаалахыг хүсэж Сенатад хандаад, баривчлах зөвшөөрөлд хориг тавих эрхийг эрх баригчдад өгөхийг Дээд шүүхээс хүссэн байна.
Родриго Дутертег шүүж эхлээгүй байхад охин Сарад нь итгэл үзүүлэх, эсэх талаар санал хураах асуудал босож ирэв. Тавдугаар сарын 11-нд түүний төлөө Доод танхимын гишүүд саналаа өгч, Сараг Дэд ерөнхийлөгч, Боловсролын сайд байхдаа нууц сангаас 10 сая ам.доллар авч, зориулалтын бусаар ашигласан гэж буруутгав. Түүнчлэн хахууль авсан, хүү Маркосын аминд хүрэхээр заналхийлсэн гэх хэрэгт холбогдуулав. Одоо Дэд Ерөнхийлөгчийг огцруулахаар сенатад санал хураах ёстой. Тэнд төлөөлөгчдийн танхимыг бодвол түүнийг дэмжигчид илүү олон бий.
Хэдэн жилийн өмнө Сара Дутерте, хүү Маркос хоёр холбоотон байж, 2022 онд хоёул эрх мэдэлтэй болсон байна. Гэвч цаашдаа улс төрийн хувьд үзэл бодол нь зөрөлдсөнөөс тэдний харилцаа хурцдаж, эцэст нь Родриго Дутертег баривчлахыг Ерөнхийлөгч зөвшөөрсөн аж. Эдэгээр улс төрч эсрэг, тэсрэг хоёр удмын төлөөлөл, аль алиных нь тал удаан хугацаанд улсынхаа удирдах албыг хашиж иржээ.
Де ла Роса одоо хаана байгааг бүү мэд. Буу хэн дуугаргасан нь тодорхойгүй. Росаг Сенатын ордноос шөнө гарч яваад нуугдсан гэж тавдугаар сарын 14-нд мэдээлсэн байна. Түүнийг цагдаагийн байгууллагаас гарсны дараа Дутерте Хорих байгууллагын удирдах газрын даргаар томилжээ. 2019 онд де ла Роса сенатын сонгуульд оролцож, ялалт байгуулав. Өнгөрсөн онд Родриго Дутертег Гаагад хоригдоод хоёр сар болж байхад де ла Роса Сенатад дахин сонгогджээ. Энэ сонгуульд Дутертегийн талынхан Ерөнхийлөгч Маркосынхноос хавьгүй илүү санал авсан юм.
Телевизээр мэдээлснээр буун дуу хоёрдугаар давхраас сонсогдсон байна. Мөрдөн шалгах үндэсний товчоо сенатын ордон руу нэвтрэхийг оролдож, сенатын дэвсгэр газар дээр цагдаа болон цэргийн алба хаагчид харуулд гарсан байв. Сенатын ордны орох, гарах хаалгууд түгжээтэй. Роса цахилгаан шат руу яаруухан явж байгаа нь телевизийн дуранд өртсөн байлаа. Дотоод хэргийн сайд Жонвик Ремулла сенатын гишүүдтэй уулзахаар ордонд хүрч ирэв. Тэрбээр Росаг баривчлахаар ирээгүй гэдгээ хэлэв. Хэдхэн минут болоод Ремулла сенатын дарга Алан Питер Каэтанотой хамт ордноос гарахдаа бууны сумд хэн ч өртөөгүй хэмээн мэдэгдлээ. Харин мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа гэх шалтгаанаар хэн буу дуугаргасныг тэд хэлсэнгүй. Ерөнхийлөгч Маркос олон түмэнд хандан тайван амгалан байхыг уриалав. “Байдлыг тогтворгүй болгох гэсэн оролдлого байв уу, үгүй юү гэдгийг мэдэх ёстой” гэж тэр хэлжээ. Буун дуутай холбоотойгоор дор хаяж нэг хүнийг саатуулснаа цагдаагийн байгууллага маргааш өглөө нь мэдээлсэн байна. Филиппинд улс төрийн байдал ихээхэн түгшүүртэй болсныг буун дуу харууллаа. Ерөнхийлөгч Маркосын улс төрийн гол “дайсан” Сара Дутертед итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хураана гэж төлөөлөгчдийн танхим зарлав. Сарагийн эсрэг үүсгэсэн гэмт хэрэгт хамаарах бичиг баримтуудыг буу дуугаргасан өдөр л сенат руу явуулсан байв. Итгэл үзүүлэх, эсэх талаарх сенатын байр суурь эцсийн шийдвэр байх болно. Хэрэв Сара Дутерте буруутай нь тогтоогдвол 2028 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болох юм. Сенатын дарга Каэтано нь Гадаад хэргийн сайд бөгөөд Дутертегийн хамтран зүтгэгч байжээ.
Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутертегийн эсрэг үүсгэсэн хүмүүнлэг бус хэргийг Олон улсын эрүүгийн шүүх санал нэгтэйгээр баталжээ. Түүнийг аллага үйлдсэн, мансууруулах бодисын эсрэг цус асгаруулсан дайныхаа явцад хүмүүсийг тамлан зовоосон, хүчирхийлсэн гэх гурван хэрэгт буруутгаж буй юм. Родриго Дутерте эхлээд хотын захирагч, дараа нь Ерөнхийлөгч байсан зургаан жилдээ мансууруулах бодис худалдсан, хэрэглэсэн гэх олон мянган хүний амийг шүүхээр оруулалгүй цаазалсан байдаг. 2011 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2019 оны гуравдугаар сарын 16 хүртэлх хугацаанд дор хаяж 76 аллагад түүнийг оролцсон гэж Олон улсын эрүүгийн шүүх урьд нь нотолсон юм. 80 настай Родриго Дутерте амгалан тайван байгаа төдийгүй өөрийнх нь хэлснээр улс орноо сүйтгэж буй “сая сая мансууруулагчийг устгахдаа баяртай байх болно” гэж мэдэгдсэн байна. Түүний кампанит ажлын золиос бологсдын дотор хүүхэд ч олон байсан гэж прокурор Маме Нианг Олон улсын шүүхэд мэдэгджээ. Энэ прокурорын хэлснээр бол Дутертег шүүх үйл явц нь “эрх баригчдын төлөөлөл ч хуулиас дээгүүр биш гэдгийг сануулах” аж.
Родриго Дутерте мансууруулах бодисыг хууль бусаар наймаалах, хэрэглэхийн эсрэг хатуу ширүүн тэмцэл хийх замаар гудамжны гэмт хэргийг эцэс болгоно гэж амлаж байж 2016 онд Филиппиний Ерөнхийлөгч болж байжээ. Бүр Давао хотын захирагч байхын л гэмт хэрэгтэй эвлэршгүй тэмцэгч гэгдэх болж, гадаадаас хөрөнгө татахад дэг журам чухал хэмээн мэдэгддэг байв. Тэрбээр Манилын дээдэс төдийлөн хайхардаггүй гэгддэг хөдөө нутгийн филиппин хүмүүсийн эрх ашгийг хамгаалахаа амладаг байжээ. Одоо Гаага хотын шоронд байгаа ч ялангуяа 2025 онд захирагчийн сонгуульд илт давуу ялсан Давао хотод нэр алдартай хэвээр аж.
Хүү Себастьян нь одоо энэ хотын захирагчаар ажиллаж байна. Энэ хүү эцгийг нь буруутгасан шүүх ажиллагааг эрс шүүмжилж “Энэ бол шударга явдал биш, хариуцлага хүлээх тухай ч юм биш, харин ёс суртахуунаар халхавчилсан сонгуулийн мөрдлөг юм” гэж фэйсбүүктээ бичиж байв. Родриго Дутерте Олон улсын эрүүгийн шүүх буруутгасан Ази дахины улсын анхны Төрийн тэргүүн байсан зүтгэлтэн юм. Түүнийг баривчилж, өөр улсын шоронд аваачиж хорьсон нь охин Сара болон Родриго Дутертегээс Ерөнхийлөгчийн албыг хүлээж авсан хүү Маркос нарын хооронд үүссэн зөрчлөөс эхтэй, энэ үйл явдлын үр дүн болсон гэж үзэж болно. Шүүхийн шийдвэр нь Дутерте, Маркос гэсэн хоёр гэр бүлийн хоорондын эрх мэдлийн төлөөх ширүүн тэмцлийн нэг хэсэг юм. Дарангуйлагч Фердинанд Маркосын эрх мэдэл 1986 онд болсон хувьсгалаар унасан ч хүү Маркос нь Сара Дутертег Дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлж, энэ гэр бүлтэй улс төрийн холбоотон байхаар тохиролцсоны дүнд 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан байна. Гэвч сонгуулийн дараа тэд эрх мэдлээ хувааж эдэлж чадалгүй MniTeam эвсэл задрав. Эцэст нь Родиго Дутертег баривчилж, Гаагад аваачихыг хүү Маркос зөвшөөрчээ.
Р.ЖАРГАЛАНТ