“Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” зургаа дахь удаагийн сургалт Өмнөговь аймагт хоёр өдөр болж, өчигдөр өндөрлөлөө. Хөтөлбөрт зүүн, төв, говийн бүсийн нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгч 25 эмэгтэй оролцсон байна. Эл олон улсын хөтөлбөрт 26 улсын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй манлайлагч эмэгтэйчүүд хамрагджээ. Тодруулбал, тус хөтөлбөрийг 2019 оноос тухайн сонгогдсон улсад мастер сургагч багш бэлтгэх замаар нутагшуулдаг бөгөөд манайхаас гадна Филиппин, Япон, Индонез, Камбож улсад хэрэгжүүлж буй аж.
Хөтөлбөрийн хүрээнд 2023 оноос хойш нийт 125 оролцогчийг хамруулж, тэдэнд итгэл төгс ярих, ойлгох, харилцах, анхаарлаа төвлөрүүлэх, хэвлэл мэдээллийнхэнтэй харилцах, асуултад оновчтой хариулах, төвөгтэй асуултад ч бэлэн байх, нийгмийн төлөө өөрчлөлт хийх асуудлаар хэлэлцэх ур чадварыг нь дээшлүүлэх зэргээр олон улсад хүлээн зөвшөөрсөн агуулга, арга зүйгээр мэргэшсэн багш нар сургалт явуулжээ. Мөн карьер, хөгжлийн үе шат, туршлага сургамжаасаа хуваалцаж, эмэгтэй манлайлагчдын дуу хоолойг хүргэх зорилготой юм байна.
Ч.БОЛОР