Сүүлийн жилүүдийн урьдчилан таамаглахад хамгийн бэрх, өрсөлдөөнтэй улирлуудын нэг болон түүхэнд үлдлээ. Үүний нотолгоо нь “Аваргуудын лиг”-т шалгарах босго оноо харьцангуй бага, харин лигт үлдэхийн тулд шаардлагатай оноо ер бусын өндөр байсанд оршино. Улирал өндөрлөж, цом гардуулж, баяр гуниг хосолсон мөчүүд өнгөрлөө. Ингээд Премьер лигийн эхний 10 багийн товч дүгнэлтийг хүргэж байна.
1. Арсенал (85 оноо)
22 жилийн дараа анхны түрүүгээ хүртсэн нь олон жилийн тогтвортой, чанартай тоглолтын үр шим байлаа. М.Артета удаан хугацааны эцэст хүссэн цомоо хүртэв. Түүний баг тайван, сахилга баттай тоглолтоороо ялгарч, улирлын турш улаан хуудас аваагүй, торгуулийн цохилт “бэлэглээгүй” нь амжилтын нэг үндэс болсон.
Сахилга бат зөвхөн талбайд бус, хувцас солих өрөөнд ч ноёлж байв. Тэд дотоод зөрчилгүй, тоглогч бүр хамтрагчийнхаа төлөө зүтгэдэг нэгдмэл баг болж чадсан. Үүний үр дүнд “Арсенал” лигийн хамгийн хөдөлмөрч баг болж, 38 тоглолтоос ердөө хоёрт нь нийт туулсан зайгаар эсрэг багаа гүйцээгүй. Мөн стандартуудаас гоол оруулах чадвар нь онцгой байлаа.
2. Манчестер Сити (78)
“Манчестер Сити”-гийн гол асуудал нь хоёрдугаар үе байв. Давуу байдлаа хадгалж чадаагүйгээс тэд 17 оноо алджээ. Улирлын төгсгөлд энэ сул талаа тодорхой хэмжээнд зассан ч сүүлчийн тойрогт “Астон Вилла”-д (1:2) хожигдож, Пепийг төгс төгөлдөр үдэж чадсангүй.
“Сити”-гийн тоглолт “Арсенал”-аас илүү үзүүштэй, довтолгоо зонхилж байсан ч заримдаа хэт эрсдэлтэй байв. Гэсэн ч аваргын төлөөх өрсөлдөөнийг сонирхолтой болгосонд нь “Сити”-д талархах ёстой. Улирлын эхэнд багийн тоглолт тогтворгүй байсан нь дэд байрт ороход нөлөөлсөн нь гарцаагүй.
3. Манчестер Юнайтед (71)
М.Каррик тус багийг “амь оруулж”, тоглогчдыг тохирох байрлалд нь тоглуулж, гол тоглогчдодоо багийн жолоог атгуулсан. Б.Фернандешийн онцгой улиралгүйгээр баг эхний гуравт багтах боломжгүй байв. Гэсэн ч М.Каррикийн ажлыг үгүйсгэх аргагүй. Б.Фернандеш 21 оновчтой дамжуулалт өгч, 136 аюултай боломж үүсгэсэн нь Европын топ таван лигийн сүүлийн жилүүдийн дээд үзүүлэлттэй эн зэрэгцэх амжилт юм.Гэсэн хэдий ч тэд ирэх улиралд аваргын төлөө өрсөлдөх эсэх нь тодорхойгүй. Олон тэмцээнд зэрэг оролцох нөхцөлд л М.Каррикийн бодит чадамж харагдана.
4. Астон Вилла (65)
У.Эмеригийн баг бүхий л хүлээлтийг эвдсэн гайхалтай улирлыг үдэв. “Астон Вилла” онолын хувьд 13-р байрт орох ёстой байсан ч бараг 17 оноо илүү авснаар эхний дөрөвт багтсан. Улирлын эхэнд хасагдах бүсэд байсан ч дараа нь сэргэж чадсан нь шийдвэрлэх нөлөө үзүүлсэн.
5. Ливерпуль (60)
Энэ улирал Англид стандартаас гоол оруулах нь гол “моод” байлаа. Гэтэл “Ливерпуль” энэ тал дээр хамгийн муу үзүүлэлттэй байв (оруулсан ба алдсан гоолын зөрүү -2). Өнгөрсөн улирлын аварга багийн амжилт буурахад зөвхөн энэ бус дасгалжуулагчийн асуудал ч нөлөөлсөн. Ю.Клоппын бэлэн багийг өвлөсөн А.Слот зун хийсэн өөрчлөлтийн дараа амжилтын түвшнийг хадгалж чадсангүй. Ирээдүйд ч багийг амжилтад хүргэх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.
6. Борнмут (57)
Улирлын хамгийн “зоримгтой” баг. А.Ираолагийн удирдлага дор тэд том багуудыг хожиж, аваргын өрсөлдөөнд хүртэл нөлөөлсөн. 2026 онд ердөө нэг тоглолтод хожигдсон нь онцгой амжилт. Гэвч ирэх улиралд дасгалжуулагч солигдож, Европын тэмцээнд оролцох тул ийм амжилтыг давтахад бэрх биз ээ.
7. Сандерленд (54)
“Сандерленд”-ийн амжилтыг бараг үлгэр гэмээр. Нэг жилийн өмнө доод лигт тоглож байсан баг Европын тэмцээнд оролцох эрхээ авч чадлаа. Гэвч энэ амжилт тодорхой хэмжээгээр азтай холбоотой. Тэдний хувьд ирэх улирлын гол зорилго нь Премьер лигт үлдэх байх болов уу.
8. Брайтон (53)
“Брайтон” эрч хүч их шаардсан тоглолтын хэв маягтай. Тэд хүчтэй өрсөлдөгчдөөс оноо авч чаддаг ч дараалан хожигдох тохиолдол гарч байв. Санхүүгийн боломж хязгаарлагдмал тул бүрэлдэхүүнээ сайжруулахад бэрх. Гэсэн ч энэ улиралд Европын тэмцээнд шалгарсан нь том амжилт юм.
9. Брентфорд (53)
“Брентфорд” прагматик тоглолт, стандартаас давуу байдал үүсгэх, хурдан сөрөг довтолгоо зэргээр хэв маягаа хадгалсан тоглолт харуулав. И.Тиаго гайхалтай формтой байж, мэргэн буучдын жагсаалтад дээгүүр бичигдсэн.
10. Челси (52)
Аравдугаар байр бол “Челси”-гийн хувьд жинхэнэ бүтэлгүйтэл юм. Клубийн удирдлага дасгалжуулагчитай холбоотой тогтворгүй бодлогоороо багийн уур амьсгалыг муутгаж, улмаар энэ нь талбай дээр тааруухан амжилт үзүүлэхэд нь нөлөөлөв. Э.Марескаг улирлын дундуур халах шийдвэр ч ойлгомжгүй байлаа. Ирэх улиралд шинэ дасгалжуулагчдаа итгэл үзүүлж, бэлтгэл сайн базаавал “Челси”-д эргэн сэргэх боломж бий.
Э.МАНЛАЙБААТАР