Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, энэ талын мэдлэг боловсрол, зөв дадлыг хүүхэд ахуй цагаас нь хэвшүүлэх замаар аливаа өвчин, гэмтэл, халдвараас урьдчилан сэргийлэх нь төр засгийн бодлогын анхаарлын төвд байх ёстой чухал сэдэв юм. Манай улсын хүн амын өсөлтийн хурд саарч, 2000-аад оных шиг буцаад ухралтын байдалд орсон нь монгол түмний, эх орноо гэсэн чигч шулуун бодолтой эр хүн болгоны сэтгэл зовохгүй байхын аргагүй асуудал билээ. 1970-аад онд монголчууд хоёр саяулаа байхдаа хүн амын цэвэр өсөлт жилд дунджаар 3.2 хувьтай байлаа. Гэтэл өнөөдөр 3.5 сая гаруй хүнтэй болсон хэдий ч цэвэр өсөлт нь 1.4 хувь болтлоо буурсан. Төрөлт, цэвэр өсөлт буурсан нь мэдээж олон төрлийн объектив болон субъектив шалтгаантай.
“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг монгол ёс уламжлалаар өрх-гэрийн өмөг түшиг, улс-гэрийн сүлд хийморь болсон эрчүүд маань бие эрүүл, ухаан саруул, сэтгэл уужим байж гэмээнэ айл өрхийн амьдрал тэгширнэ.
Хүүхэд багачууд маань эрүүл саруул өсөн бойжиж, залуус дүү нар минь өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах зөв дадал, хэвшилд эртнээс суралцвал хүн амын амьдралын чанар дээшилж, ураг удмын заяа тэгширч, Монгол Улсын гал голомт үүрд мандан бадрахын баталгаа болох билээ. Өнөөдөр Монголын өсвөр, залуу үеийнхний дунд эрүүл мэндийн наад захын боловсрол, мэдлэг, ойлголт дутуу дулимаг хэвээр байгааг ахмад эмчийн хувиар олон жишээгээр тайлбарлаж болох ч энэ удаад хөвгүүд, эрчүүдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг хөндөхийг зорив.
Эр хүн гэхээр манай монголчуудын хувьд хүдэр чийрэг бие хаатай, юунд ч бууж өгөхөөргүй сэтгэлийн хаттай, гүжирмэг, зоримог байх ёстой гэдэг ойлголт түгээмэл. Гэтэл эр хүн болгоны амьдралын хэв маяг, зан суртахуун, үзэл бодол, багаасаа олж авсан хүмүүжил, хандлага, дадал зуршил, хувь хүний хөгжил, боловсролын түвшин хийгээд амьдралд бэлтгэгдсэн байдал зэрэг нь харилцан адилгүй. Тэдний дотоод сэтгэл рүү өнгийгөөд ажвал, олон янзын хэмнэл, авиа, өнгө аяс хосолсон хөгжмийнх шиг нарийн нандин ертөнц оршдог шиг. Дотоод сэтгэлийнх нь ямар утсыг хэдийд хөндөхөөс эрчүүдийн хувьд амьдралын итгэл, урам зориг, хүч тэнхээг сэлбэж, алс ирээдүйг хараачлах мэлмий юунд нь ч шууд нөлөөлдөг гэж үздэг юм. Мөн бие эрхтэний хөгжлийн талаас анхаарууштай зүйл бишгүй.

Төрийн хошой шагналт, Ардын эмч Д.НЯМСҮРЭН
Нэг. Миний хувьд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тасралтгүй 48 жил “зогсож” буй эмч хүнийхээ үүднээс монгол эрчүүдийн эрүүл мэндийн боловсрол, тэр дундаа хөвгүүдийн бэлгийн бойжилт, бэлгэ эрхтэний хөгжил, түүний үйл ажиллагаатай холбоотой асуудалд санал бодлоо илэрхийлмээр, заримдаа хатуухан зэмлэмээр ч зүйл бишгүй байдаг. Эрэгтэй хүүхдийг анх төрсөн цагаас нь эхлээд бэлгэ эрхтэнийх нь байрлал, хөгжил зөв, эрүүл байгаа, эсэхийг хянаж үзэх нь нярайн эмч хийгээд эцэг, эхчүүдийн гол үүрэг юм. Аав, ээжүүд хүүхдийнхээ боожгой нь зөв хөгжиж байна уу, хоёр төмсөг нь хушгандаа байгаа, эсэх, шодойны толгойг хучсан арьс нь хойшоо чөлөөтэй шамарч байна уу, шээх үед нь ямар нэг зовиур шаналгаа илэрдэг үү гэдэгт байнга анхаарч байх шаардлагатай.
Биднийг бага байхад нутгийн хөгшчүүл “Нэг тамхилчихъя” гэдэг нь зүгээр нэг өхөөрдөл төдий биш, харин эрэгтэй хүүхдийнхээ бэлгэ эрхтэний хөгжил, хөдөлгөөнийг байнга шалгаж, эрүүл мэндэд нь санаа тавьж буй хэрэг байж. Одоогийн хэллэгээр бол эрүүл мэндийн урьд чилан сэргийлэх үзлэг л дээ. Манай хасаг түмэн хөвгүүдтэй мэндлэхдээ “Боожгой нь томорч байна уу” гээд барилж үздэг нь ч ийм учиртай, зөв уламжлал юм. Ер монгол, хасаг гэлтгүй, тү рэг, ислам, жүүд, араб, африк зэрэг олон үндэстэн хөвгүүдийнхээ боожгойн өсөлт, хөгжлийг “үндэсний бэлгэ тэмдэг” хэмээн айл гэр хийгээд төр улс өөдлөн дэвжихийн цондон гэж үзэн, анхаарал хандуулсаар ирсэн.
Одоо цагт бүх талын мэдээллийг хаанаас ч авах боломж бүрдсэн тул зарим эцэг, эх хөвгүүдийнхээ бэлгэ эрхтэний хөгжил, эрүүл мэндэд анхаардаг болсон хэдий ч хайхрамжгүй хүмүүс бас байна. Өдийд өсвөр насныхан эцэг, эхдээ тэр бүр боожгойгоо шалгуулж, үзүүлээд байх нь юу бол, гэхдээ л анагаах ухааны хөгжил дэвшил, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж харьцангуй сайн болсон ийм цаг үед хөвгүүддээ тэр бүр анхаарахгүй байгаа нь харамсалтай. Наад зах нь, хөвгүүдийн төмсөг хушгандаа буугаагүй байгааг эцэг эх нь мэдэхгүй явсаар эмчлэгдэхгүй хэмжээнд хүргэсэн тохиолдол Монголд цөөнгүй.
Хоёр. Хүү тань том болоод эхнэр авч, өрх гэр толгойлж, таны гал голомт, удам угсааг залгамжилна. Өргөн утгаараа монгол түмний гал голомтыг бадраан, хөгжөөж буй нэгэн эд эс нь болно. Монголчууд бид өвөг дээдсийнхээ хэлдгээр, үрээр ч баян, үрээгээр ч баян байх учиртай. Тэр тусмаа эрүүл саруул үр хүүхэд төрүүлж, өсгөн, тэднийгээ зөв хүмүүжүүлэх нь манай эцэг, эхчүүдийн улс орондоо оруулж буй эрхэм дээд хувь нэмэр тэр юм. Үүний тулд ямар хүнс идэж, уух, юу өмсөх, зүүхээс эхлээд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замууд, эрүүл мэндийн боловсрол, идэвхтэй дасгал хөдөлгөөн зэрэг амьдралын зөв дадал хэвшилд хүн бүр шамдан суралцах ёстой. Хөвгүүдийн эрүүл мэнд, бэлгэ эрхтэн тогтолцооны өсөлт, хөгжилд юу сайн, юу саар болохыг нарийн мэргэжлийн эмч, энэ чиглэлийн туршлагатай зөвлөхүүдээс тогтмол зөвлөгөө мэдээлэл авч, өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэгжүүлдэг байгаасай. Тэрхүү дадал хэвшил, үлгэр дуурайлал нь дараа дараагийн үед тань ч жишиг болон өвлөгдөх учиртай юм. Хөвгүүдийнхээ бэлгийн бойжилтыг анхнаас нь зөв удирдах хэрэгтэй, буруу явуулбал тэр чигээр нь баллачихдаг. Бэлгийн бойжилт эрэгтэй хүний хамгийн хариуцлагатай үе. Энэ үеэс тестостерон хэмээх чухал даавар ялгарч эхэлдэг. Ингэснээр бэлгэ эрхтэн, төмсөг нь томроод, үр тогтоох чадвартай болно. Монголчилбол, тестостерон хэмээх даавар нь хэвийн эрчүүд гүндүүгүй, зоригтой, хэр баргийн юманд гомддоггүй, өвдөггүй, ёолдоггүй. Тестостерон даавар хэвийн байхад эрчүүд хэр баргийн өвдөлтийг тоохгүй. Тестостерон даавар уначихаар л жаахан юман дээр гоншигноод, ямар нэг өвчин хэлээд эхэлдэг гэж хэлж болно. Орчин цагийн хэлээр бол тестостерон амбицийн даавар, тэр нь эрчүүдийг амжилтад хөтөлдөг учраас Монгол Улсын хөгжилд ч хамааралтай. Мөн тестостерон ясыг бат бөх байхад нөлөөлдөг.
Гурав. Ардчиллын дараах он жилүүдэд Монголд цус ойртох аюул тодорхой хэмжээгээр буурсан ч бэлгийн замын өвчлөл, замбараагүй байдал газар авч буй нь сэтгэл өвтгөхгүй байхын аргагүй. Суурин иргэншлийн нөлөө, хотжилтыг дагасан ажил хөдөлмөр, мөнгө санхүү зэрэг төрөл бүрийн өрсөлдөөн нэмэгдэхийн зэрэгцээ орчин үеийн нийгмийн “тулгалт”, шаардлагаар сүүлийн жилүүдэд төрөлт эрс буурах боллоо. 2025 онд Монгол Улсын хэмжээнд 56 695 хүүхэд төрсөн нь өмнөх оныхоос 3500-аар буюу 5.8 хувиар буурч, хүн амын ердийн цэвэр өсөлт өмнөх оноос 8.1 хувиар саарсныг Үндэсний статистикийн хороо тайлагнажээ. Сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал 2015 онд төрөлт түүхэн өндөр түвшинд хүрч, 82 мянга давж байсан бол 2019 оноос хойш тогтмол буурсан байна. Улмаар 1000 хүнд ногдох хүн амын цэвэр өсөлт сүүлийн 20 жилийн доод түвшиндээ очжээ.
Хятад, Япон, Солонгос гээд ер дэлхий нийтээр төрөлт буурах чиг хандлага ажиглагдсаар байна. Гэвч санаагаар болдог бол монгол айл өрх бүр гурваас доошгүй хүүхэдтэй байвал энэ улс оронд мөнчиг тустай сан. Зургаадугаар сарын 1-нд буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд “Алдарт эхийн одон”-г өөрийн биеэр гардуулж, төрийн хүндэтгэл үзүүлдэг болсон нь нүдээ олсон шийдвэр гэж боддог.
Монгол эмэгтэйчүүдийн карьер, амжилт, манлайлал өнөөдөр хаана ч гайхагдан, шагшигдана. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ айл гэрээ, хань нөхрөө, ажил бүтээлээ алийг нь ч орхигдуулахгүй, хослуулан амжилттай авч явна гэдэг аргагүй үнэ цэнтэй, гайхамшигт хөдөлмөр. Гэвч энэ нийгмийн дарамт, шаардлага хүссэн хүсээгүй өнөөдөр монгол гэр бүлүүдийг сорьж байна. Тухайлбал, хөдөө орон нутагт эхнэр нь хүүхдүүдээ сургууль соёлд сургахын тулд төв, суурин газар бараадаж, эр нөхрүүд нь гэрээ сахин үлддэг байдал ердийн үзэгдэл болсон. Монголын тал нутаг урд, хойд, зүүн, баруун талаараа эзгүйрч, хөдөө орон нутгийн сумууд хүнгүй хоосорч буйд сэтгэл ихэд хөндүүрлэж, “төрийн төлөө оготно боож үхэх” гэгчээр шаналах юм. Үүний цаана зөвхөн нэг гэр бүлийн гишүүдийн хоорондоо тусгаар байх асуудал хөндөхгүй, монгол хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, хосын амьдралын дадал хэвшил өөрчлөгдөхөөс эхлээд нийгмийн талаасаа олон сөрөг үр дагавартай.
Улаанбаатар хотод ч ялгаагүй, замын түгжрэл дунд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь өглөө, оройгүй зөөхөөс эхлээд бэрхшээл сорилт мундахгүй бий. Хүүхэд болгоноо боловсролтой, мэдлэгтэй, зөв дадал хүмүүжилтэй монгол хүн болгож өсгөхийн тулд энэ нийгэм манай эцэг, эхчүүдээс хангалттай хэмжээний цаг зав, санхүүгийн боломж, өртөг зардал бүгдийг нэхэж буй нь ч үнэн. Гэвч монголчууд бид Хятад, Энэтхэг шиг тэрбум хол давсан хүн амтай биш шүү дээ. “Хүн нэмбэл хүнс нэмнэ”, “Хүүхэд хоолтойгоо ирдэг” гэж манай ард түмэн зүгээр ч нэг хэлээгүй нь лавтай. Урд хөрш хүртэл “нэг айл-нэг хүүхэд” гэсэн хатуу бодлогоо зөөлрүүлж, хүн амаа нэмэх, залуужуулах оролдлогыг төрийн оролцоотой хийж эхэлж байна.
Дөрөв. Эр биеийг залуугаас нь хямгатай авч явч, эрүүл мэндээ сайн хамгаалахгүй бол шээс, бэлгийн замын эрхтэнийг гэмтээж бэртээхийн зэрэгцээ халдварт өвчнөөр өвдөөд тууштай эмчлүүлэхгүй, дахин дахин сэдрээх нь олон талын урхагтай юм. Хоёул халдварт өвчнөөр өвдсөн эхнэр, нөхөр бага насны хүүхдээ өвөртөлж унтдаг байгаад ахуйн замаар халдвараа дамжуулсан тохиолдол ч Монголд бий. Бэлгийн замын халдварт өвчнийг дутуу эмчлүүлснээс дахидаг, шээсний сүв, түрүү булчирхай, төмсөг, түүний дайврыг өвчлүүлдгээрээ аюултай. Үүнээс улбаалан бэлгийн сулралд орох, үргүйдэх, улмаар гэр бүлийн амьдрал тогтворгүй болж, салж сарних шалтгаан болдог.
Зарим нэг тоогоор жишээ татвал, өдгөө дэлхий дээр бэлгийн амьдралын идэвхтэй үедээ яваа эрчүүдийн дунд 100 сая хол давсан хүн сулралтайг оношилж тогтоосон нь бий. Бэлгийн сулрал 25-40 насныханд 20 гаруй хувьтай, 40-өөс дээш насны эрэгтэйчүүдийн 40-50, 70 хүртэлх насанд 70 хувьтай байгааг гадаадын судлаачид гаргасан. Монголд бүх насны эрчүүдийн дунд бидний хийсэн түүвэр судалгаагаар ч үүнтэй ойролцоо дүн гарсан байгаа. Эрэгтэйчүүдийн дунд бэлгийн ажиллагааны хямрал, бэлгийн сулрал, төмсөгний үрэвсэл, үргүйдэл гэх мэт өвчлөл их байгаагаас хамгийн ихээр тохиолдож буй нь түрүү булчирхайн үрэвсэл юм. Монгол Улсад 10 эрэгтэйн найм нь түрүү булчирхайн үрэвслээр өвддөг гэсэн судалгаа бий. Түрүү булчирхайн үрэвсэл буюу простатит нь бөөр, шээсний замын өвчнүүдийн нэг бөгөөд 20-50 насны эрчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог, 50-иас дээш насны эрчүүдийн дунд эхний гуравт жагсаж буй өвчин юм. Манай улсад түрүү булчирхайн хортой хавдрын тохиолдол жил ирэх тусам нэмэгдсээр байна.
Бэлгийн чалх сулрах нь эмчлэгдэхгүй өвчин биш. Шалтгаанаа зөв тогтоогоод эмчилбэл бүрэн боломжтой. Харамсалтай нь, манайд бэлгийн чалх нь суларсан эрчүүдийн ердөө 10 хувь нь эмнэлэгт хандаж, тусламж үйлчилгээ авдаг. Бусад нь өөрсдийгөө дур мэдэн эмчлэх гэж оролдоод, сурталчилгааны эм, бэлдмэл хэрэглэх төдийгөөр аргацаадаг. Олон улс оронд бэлгийн сулралыг эмчлэх арга технологи сайжирсан ч өвчтөний тоо буурахгүй, улам ихсэх хандлагатай байгаа. Тухайлбал, Британид 20-иод жилийн өмнө л бэлгийн чалх нь суларсан өвчтөнийг эмч лэхэд зориулж жил бүр 44 сая фунт стерлинг зарцуулдаг ч тууштай үр дүн гарахгүй байгааг мэдээлж байлаа. Одоо өртөг зардал нэмэгдсэн үү гэхээс буураагүй нь лавтай.
Тав. Эрчүүдийн бэлгийн сулрал нэмэгдэхийн хэрээр сүүлийн жилүүдэд монгол эрчүүдийн дунд шодойгоо томруулах “моод” дэлгэрснийг сонсохоор ихэд харамсах юм. 20-40 насны эрчүүд янз бүрийн аргаар шодойгоо томруулахын донгоор өвчилсөн нь цэл залуугаараа өөрөө өөрийгөө егүүтгэж буй хэрэг гэдгийг анхааруулж хэлэхгүй байхын аргагүй. Гель шахуулах, бөмбөлөг суулгах зэргээр шодойгоо томруулж, өнөөх нь буглах, шархлахаас эхлээд арьс нь харлаж цоорох, эсвэл яс шиг хатуурч бэлгэ эрхтэнийг боомилсноос үүдэн тасарч унахад хүргэдэг аюултай юм. Зарим нь бараг эрх мэдэл, алдар хүнд, албан тушаалтайгаа нийцүүлэн шодойгоо томруулахын түүс болж. Мэргэжлийн эмчийн зөвлөгөө авахгүй, болчимгүй үйлдэл хийж насан туршийн эрүүл мэндээрээ тогловол гэм нь урдаа гэмшил нь хойноо болох билээ. Энэ тохиолдолд хэчнээн их мөнгө байгаад юуг ч шийдэхгүй. Харин үүний оронд эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэхийн төлөө бол мөнгөө бүү харамла.
“Хорвоо дэлхий уужим, хийх юм их байна. Өөртөө хэрэгтэй зүйлд мөнгө зоос бүү харамла, хэрэггүй юманд сохор зоос ч бүү зарцуул” гэсэн алдартны үгийг эш татаад, монгол эрчүүд маань бие эрүүл, оюун саруул, ухаан уужим байж, эх орноо мандан бадраахын төлөө бүхнээ дайчлахыг хүсье. Эрчүүд, хөвгүүд ээ!