Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Я.Бат-Ирээдүй энэ сарын 25-нд “Бийрийн салхи” нэртэй уран зургийн бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Уг үзэсгэлэнд бэхэн болон уран зураг нийлсэн 63 бүтээл дэлгэсэн байв. Бүтээл бүр нь амьтан, байгаль, хүмүүсийн аж байдлыг илэрхийлсэн аж. Олонх нь бэхэн зураг ба дорно дахины дүрслэх урлагийн утга агуулгыг гүн шигтгэжээ. Угтаа бэх гэдэг нь ерөөс хар өнгө биш бөгөөд түүний цаана мянга мянган өнгөний уусгалт, гэрэл сүүдэр оршдог. Монохром буюу нэг өнгөний дагнаас нь гаднах өнгөнд бус, бүтээлийн мөн чанар, дотоод агуулгыг илэрхийлдэг. Зураач бэхний хар, цаасны цагаан дунд орших орон зайд хуучин уламжлалыг шингээж, шинэ цагийн мэдрэмжтэй сүлэн дүрслэхийг зорьсон гэв.
Я.Бат-Ирээдүй үзэсгэлэнгийнхээ нээлтийн үеэр Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулсан юм. Тэрбээр 2003 оноос хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллан, байгаль, хүний дотоод ертөнц, чөлөөт сэдвийг бэхэн болон тосон зургийн уран нарийн шийдлээр илэрхийлж иржээ. Эл үзэсгэлэн гуравдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.
П.Дайриймаа