Италийн хойд нутгийн Парма хотын ойролцоо орших Магнани-Рокка сангийн музейд энэ сарын 22-23-нд шилжих шөнө хулгай орж, Францын алдарт зураач Пьер-Огюст Ренуар, Поль Сезанн, Анри Матисс нарын гурван сод бүтээл алдагдсаныг ANSA агентлагаас мэдээлэв. Тухайлбал, зах зээлийн үнэлгээгээр хэдэн сая еврогоор хэмжигдэх Ренуарын “Les Poissons” (1917), Сезаннын “Tasse et plat de cerises” (1890), Матиссын “Odalisque sur la terrasse” (1922) зэрэг ховор нандин бүтээлийг хулгайлсан аж.
Нарийн зохион байгуулалттай бүлэглэл музейн хамгаалалтын системд нэвтэрч, хаалгыг нь эвдэн орж, ердөө хэдхэн минутын дотор зургуудыг авч оджээ. Эдгээр бүтээл нь тус музейн Францын урлагийн танхимын байнгын үзмэр бөгөөд хяналтын камерын бичлэгт сэжигтнүүд нүүрээ халхалсан байдалтай үлдсэн нь тэднийг илрүүлэхэд хүндрэл учруулж буй гэнэ.
Италийн Карабинери буюу цэргийн цагдаагийн газрын Урлагийн өвийг хамгаалах тусгай хэлтэс уг хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд Интерпол болон бусад олон улсын байгууллагад мэдээлэл хүргүүлэн, эрэн сурвалжлах ажиллагаа явуулж буй аж. Эл хэрэг нь Европт сүүлийн жилүүдэд гарсан томоохон хулгайн нэгд тооцогдож буй бөгөөд Италийн соёлын байгууллагуудын аюулгүй байдлын асуудлыг дахин хөндөхөд хүрчээ.
Э.Сүйлэн