
Одоогоос 65 жилийн өмнө, 1961 оны гуравдугаар сарын 23-нд буюу Юрий Гагариныг сансарт хөөрөхөд ердөө 19 өдөр үлдээд байхад сансрын нисгэгч Валентин Бондаренко нас баржээ. Түүний нэрийг албан ёсоор мэдээлээгүй нь эмгэнэлт явдалтай удаан хугацаанд холбож байв. Түүний нэрийг нууцлахаа байх үед Гагарин хорвоог орхичихсон, Комаров сансраас буцаж ирэлгүй, эргэж эх дэлхийгээ зорих замдаа амиа алдчихсан, Америкийн “Челленжер” дэлбэрчихсэн байлаа. Тухайн үед сансрын нислэгийн талаарх сэдэв амжилт ололтоос гадна шуугиан тарьсан осол эндэгдэл олонтой байв.
Валентин Бондаренко 10 хоног үргэлжилсэн туршилтаа 1961 оны гуравдугаар сарын 23-нд дуусгажээ. Хэмжих хэрэгслээ тайлаад, түүнийг бэхэлсэн газрыг арчсан спирттэй хөвөнгөө хайхралгүй шидэж орхив. Улайтал халсан цахилгаан зуухан дээр хөвөн унасан аж. Одоо бол энэ үйлдлийг нь буруутгахаас аргагүй, сансрын технологийн хөгжил эхний шатандаа байж л дээ, тэр үед. Хөвөн тэр дороо дүрэлзэн асаж хүчилтөрөгчөөр дүүрсэн орчинд галын дөл камерын давчуу орон зайг агшин зуурт бүрхэж, Валентиний өмсөж байсан бэлтгэл дадлагын ноосон хувцас ч шатаж. Сансрын нисэгч тэр дороо түгшүүрийн дохиог даралгүй өөрөө унтраачих гэж оролдсон байна.
Зөвлөлтийн сансрын нисэгчдийг бэлтгэх төвд “Сэдэв ¹1” гэж нисэгчдээ шилж сонгодог хөтөлбөр байсан бөгөөд 1959 оны эцэс болоход сансрын нисэгчдийн анхны багийг бүрдүүлсэн 20 хүнийг сонгож аваад байв. Адилхан авьяас чадвартай, өөр өөр зан ааштай 20 залуу байлаа. Зөвлөлтийн сансрын түүх энэ залуусаар хязгаарлагдаагүй л дээ, мэдээж.
Валентин Бондаренко 1937 онд Харьков хотноо үйлдвэрийн ажилчны гэр бүлд төржээ. Эцэг нь 1941 онд фронтод явж, партизаны отрядад тагнуулч байсан, урт насалж хүнд амьдрал туулж 1993 онд өөд болсон байна. Валентин эцгээрээ их бахархдаг, Зөвлөлтийн сансрын 17 дахь нисэгч Георгий Шонин түүний “Аавын минь малгай партизаны алдрын музейд байгаа” гэж хэлж байсныг хожим нь дурссан байдаг. Валентиний хүүхэд нас германчуудад эзлэгдсэн Харьков хотод өнгөрчээ. Сургуулиа төгсөөд 1954 онд цэрэгт явж, дараа нь Ворошиловград хотын цэргийн нисэхийн дунд сургуульд элсэн, туршигч-нисгэгч мэргэжил эзэмшжээ. Балти орчмын цэргийн тойргийн агаарын цэргийн хүчний ангид ажиллав. Тэгээд 1959 оны эцсээс Зөвлөлтийн сансрын нисэгчдийн анхны отрядад орсон байна. Алексей Леоновын дурссанаар Валентин хөл бөмбөг сайн тоглодог байж.
1960 онд отряд дотроо Валентин хамгийн залуу нь, ердөө 23 настай байлаа. Тэр цухалдуу, цочмог ууртай ч тэр дороо тайвширдаг гэж Георгий Шонин тэмдэглэсэн байдаг. Түүний шаргуу, шийдмэг зан нь бусдынхаа бахадлыг төрүүлнэ. Таван давхарт цонхны тавцан дээр зогсоо, нүд ирмэхийн зуурт тэндээсээ унах аюулаас хүүхдийг аврахаар усны хоолойгоор авиран хүрч очиж байсныг нь эргэн санах бүрт дотор агзасхийдэг гэж мөнөөх сансрын нисэгч Шонин дурсжээ. Сансрын түүхч гэгддэг Ярослав Головановын таамагласнаар түймэр асахад нөлөөлсөн зүйл нь хөвөн биш, боолт байсан бололтой. Энэ яриа 2021 оны дөрөвдүгээр сарын 11-нд “Московский комсомолец” сонинд “Гагарины амьдралын олонд мэдэгдээгүй баримтууд: бид сансрын нисэгчийн гэрт байхад” гарчигтайгаар нийтлэгдсэн дурсамжид энэ яриа орсон байна. Валентин Бондаренког түймэрт автсан камераас гаргаж, галыг нь унтраахад тэрбээр ухаантай байжээ. Тэгээд “Би л буруутай шүү, хэнийг ч битгий зэмлээрэй” гэж давтан хэлж байсан гэдэг.
Түүнийг Боткины эмнэлэгт аваачиж эмч, сувилагч нар аврах гэж найман цаг тэмцжээ. Түүний орны хажууд Юрий Гагарин ч сахиж байсан аж. Бондаренког аварч чадсангүй. Ард нь гэргий Аня нь таван настай Саша хүүтэйгээ үлдэв. Ярослав Голованов Агаарын цэргийн хүчний архиваас “Ахлах дэслэгч Бондаренкогийн гэр бүлийг сансрын нисэгчийн адилаар хэрэгцээтэй бүх зүйлээр хангасугай. 1961 оны дөрөвдүгээр сарын 15. Малиновский” гэсэн тушаал олж үзсэн байна. Харин энэ шийдвэр хэрэгжсэн, эсэхийг бүү мэд. Олон жилийн дараа, уг үйл явдлыг нэгэнт олон түмний сонорт хүргэснээс хойш хүү Александр Валентинович нь “Намайг 16 нас хүртэл төр, засаг манай гэр бүлд сар бүр 100 рубль өгдөг байсан” хэмээн дурссан нь бий.
Валентин Бондаренког Харьков хотод оршуулжээ. Тэнд “Гэгээн дурсгалд нь зориулав, сансрын нисэгч анд нөхдөөс нь” гэсэн бичээс бүхий хөшөө босгосон байна. Харин нисэгчгүй сүүлчийн “Восток” хөлгийг хөөргөхөд байлцахаар сансрын нисэгчид бүгд Байконур руу явсан учир Бондаренкогийн шарилыг нутаглуулахад тэд оролцож чадаагүй гэдэг. Бондаренко өөд болоогүйсэн бол тэр сансарт анх нисэх байсан гэх домог мэт яриа байсан ч эхний зургаан нисэгчийн нэрсийг Гагарин, Николаев, Быковский, Титов, Попович, Нелюбов гэсэн дарааллаар бэлтгэсэн байсан гэх баримт түүнийг үгүйсгэдэг аж. Тэд Гагарин, Титов, Николев, Попович, Быковский гэсэн дарааллаар нисэж, Нелюбов нь сахилга журам зөрчсөнөөс сансрын нисэгчдийн отрядаас хасагдсан юм билээ.
Зөвлөлтийн сансар судлал удаа дараалсан ялалт байгуулсаар байсан нөхцөлд тооцооноос гадуур тохиолдсон эмгэнэлт явдал түүний нэр хүндийг унагаж болох байж. Гадаадын сэтгүүлчид байсхийгээд энэ асуултыг хөндөж Гагаринд хандахад “Гүтгэлэг” гэсэн богинохон хариулт л өгдөг байв. Тэгэлгүй яах вэ, Юрий Гагарин ганц бие хүн биш, бүхэл бүтэн том гүрнийг, чухал салбарыг нь төлөөлж байгаа юм чинь.
уурхал яриа тархсаар л байв. Аливаа осол сүйрлийг хэл үггүй дарахад заавал дагалддаг юм байсан нь цуу яриа, домог. Оросын нисэх хүчний маршал Николай Скоморохов “Мэдээллийн албан ёсны эх үүсвэр дутагдахад цуу газар авдаг” хэмээн хэлсэн байдаг. Дараа нь өөрчлөн байгуулалт эхлэв. 1960-аад онд олон түмний анхааралд эзэлж байсан байр сууриа сансар гэх сэдэв алдаж байлаа. Том төсөл, төлөвлөгөө бий болж, осол сүйрэл анхаарал татахаа байв. Валентин Бондаренкогийн үхлийн нууцыг 25 жил тайлсангүй. 1986 оны хавар л Улс төрийн товчооны гишүүдийн түвшинд дэмжлэг авч байж “Известия” сонинд энэ эмгэнэлт түүхийн талаар миний өгсөн ярилцлага нийтлэгдсэн юм гэж Ярослав Голованов мөнөөх “Королев: домгууд хийгээд баримтууд” номдоо бичсэн байдаг. 1985 онд “Советский писатель” хэвлэлийн газраас олны хүртээл болгосон Марк Галлайн “Бүхээгтээ...” ном энэ эмгэнэлт явдлын талаар бас өгүүлсэн юм. Түүнд Бондаренкогийн тухай өгүүлээд л өнгөрсөнгүй, Зөвлөлтийн сансрын үйлсэд тохиолдсон эмгэнэлт явдлыг Өрнөдийн хэвлэлд сөрөг талаас нь хэрхэн тусгасныг харуулсан байна. Янз бүрийн орны сонин, сэтгүүлүүдэд төрөл бүрийн хүмүүс уг сэдвийг эрчимтэй “хөгжүүлж”, Зөвлөлтийн тав биш, 20 сансрын нисэгч амиа алдсан мэтээр бичиж байв. Заримдаа зөвхөн нэрийг нь дурдана, эсвэл бүр сансрын нисэгч нь нислэг хийх үедээ амиа алдаж, хэдэн өдрийн дараа Гагарин түүний үүргийг гүйцэтгэсэн гэх маягаар сурталчилж байжээ. Хорон санаат большевикууд сансар судлалыг нисэгчдийнхээ ясан дээр цогцлоож байна гэх маягаар л дүрсэлж бичиж байж. Гэвч иймэрхүү ашиг сонирхол үндэслэлгүй болох нь удалгүй тодорхой болжээ.
Бондаренкогийн нэр 1980-аад оны дундаас Зөвлөлтийн сансар судлалын түүхэнд эгнэгт бичигдэх болжээ. Тэгээд нөгөө хөшөөн дээрх бичээсний “нисэгч анд нөхдөөс нь” гэсэн үгэн дээр “Сансрын нисэгчдээс нь” гэх үг нэмэгдсэн байна. Валентин Бондаренкогийн дурсгалд зориулж, 1991 онд саран дээрх нэг өрх (нүх, цооног)-өнд түүний нэрийг өгсөн аж. Сансрын нисэгчийн оршин сууж байсан Герцений цэцэрлэгт гудамжийг 1995 онд “Бондаренкогийн” гэх болсон байна. Мөн түүний сурч байсан сургуулийг ч нэрэмжит болгожээ. 2008 онд Алексей Германы зохиолоор хийсэн “Цаасан цэрэг” кинонд сансрын анхны нисэгчийг бэлтгэх үйл ажиллагааны уур амьсгалыг уран сайхны хэлбэрээр дүрслэн харуулсан. Энэ киноны нэг хэсэгт Валентин Бондаренкогийн тухай өгүүлдэг бөгөөд сансрын нисэгчийн дүрд Альберт Макаров тогложээ. Уг кино хүнийг золиос болгосон гэх өнгө аястай төдийгүй Бондаренкод тохиолдсон явдлыг муу зөн совинтой байсан мэтээр харуулсан аж. Сансрын нисэгчийг хөлөг рүүгээ орохын өмнөхөн хамтран зүтгэгчдийн нэг нь “Найз минь чи өнөөдөр нэг л сэтгэл түгшсэн янзтай байх чинь, би ч гэсэн энэ барокамерт (хүчилтөрөгчөөс өөр юм үгүй орчин) дургүй” гэж хэлж буйгаар кинонд харуулжээ. Энэ мэт олон юмаар тус кино “Зөвлөлтийн эсрэг” гэгдэж ихээхэн шүүмжлэгдсэн байна. Бондаренкод тохиолдсон явдлыг сайн баримтжуулж үлдээсэн ч зарим нэг нарийн ширийн юм нь одоо хэр нь ярианы сэдэв болсоор байдаг гэнэ.
Р.Жаргалант