“Барселона” баг өнгөрсөн ням гарагт болсон Эл Класикод заналт өрсөлдөгч, араас нь нэхэж явсан “Реал”-ыг 2:0-ийн харьцаатай хожсоноор энэ улирлын аварга боллоо. Тэд улирлын туршид хүснэгтийн хоёрдугаар байраас доошилж үзээгүй билээ.
Ийнхүү “Барса” 29 дэх удаагаа лигийн аварга болсноор түүхт 30 дахь цомтойгоо золгоход улам ойртож байна. Гэхдээ тэд 36 удаа аваргалсан “Реал”-аас аваргын цомоор хол хоцорч буй.
Тэднийг гүйцэж түрүүлэх амаргүй боловч сүүлийн 15 жилд хэд хэдэн удаа аварга цолоо хамгаалж байсан учраас “Барса”-д ийм өндөр амжилт үзүүлэх бүрэн боломжтой. Ингээд 2025- 26 оны улирлын Испанийн аварга, Каталоны нэр төр “Барселона” багийн шинэхэн аваргын цомтой холбоотой сонирхолтой баримтуудыг танилцуулъя.
1. “Барса”-гийн хөл бөмбөг бол үзүүштэй тоглолт үзэхийн баталгаа. Өнөө цагийн хөл бөмбөгт тэдний тоглолттой дүйх зүйл ховор. Олонх баг эхлээд хүснэгт, онооны тухай бодож, хөл бөмбөгийн ирээдүйг дараа нь тавьж байхад “Барселона” аль хэдийн “Netflix”, TikTok-той өрсөлдөхүйц “шоу”-ны үнэ цэнийг хөл бөмбөгт бий болгоод байна.
2. Йохан Кройффын сургаалд тулгуурласан довтолгооны хэв маяг. Каталончууд энэ улирлын 59 тоглолтод 140 гоол оруулсан. Дөрвөн тоглолт тутмын нэг нь өрсөлдөгчөө илт давуугаар бут ниргэсэн ялалтаар өндөрлөжээ.
3. Ла Масиа дэлхийн шилдэг хөл бөмбөгийн академи хэвээр. Тоглосон минутын үзүүлэлтээр Топ-10-т шууд зургаан төгсөгч нь багтсан. Тэд янз бүрийн насных бөгөөд 28 настай Дани Ольмогоос эхлээд 18 настай Ламин Ямаль хүртэл бий. Улирал хараахан дуусаагүй байхад үндсэн багт талбайд гарсан 29 тоглогчийн 14 нь академийн буюу кантерано. Тэдний нийт үнэлгээ нь “Transfermarkt” дээр 632 сая евро бөгөөд энэ нь “Атлетико”-гийн үнэлгээ (587 сая)-нээс ч өндөр юм.
4. Залуу нас=ялах хүсэл. “Барса” бол Ла Лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг (дундаж нас 25.7). Энэ нь талбай дээр ч тод харагддаг. Өөрөөр хэлбэл, эдгээр залуу мөнгө, цомоор ханаагүй бөгөөд тэдний хувьд “хялбар” тоглолт гэж үгүй. Тэд ялалт бүрд чин сэтгэлээсээ баярладаг.
5. Бөмбөг эзэмшилтийн хувь 69 хувь. Испанид өөр ямар ч баг 60 хувьд хүрээгүй бол Европын бусад лигийг авч үзвэл Францын ПСЖ 69.3 хувьд хүрсэн юм. “Барса”-гийн хувьд бөмбөг эзэмшилт нь багийн тоглолтынх нь суурь ойлголт билээ. Хавигийн үед энэ үзүүлэлт ойролцоогоор 64-65 байсан бол Х.Фликийн эхний улиралд 68.3 хувь байв. Харин энэ улиралд угүзүүлэлт бүр өсжээ. Энэ үзүүлэлт нь багийн тоглолтын илэрхийлэл билээ.
6. “Барса” энэ улирлыг ноцтой уналт, алдаагүй туулсан. Хугацаанаас өмнө аваргалснаас гадна 90-ээс дээш оноо авах нь бараг тодорхой. Залуу, туршлага багатай, тодорхой тоглогчдоос хамааралтай багийн хувьд энэ нь бахархам үзүүлэлт.
7. Шахсан хамгаалалтын шугам. Тэд өрсөлдөгчөө нэг тоглолтод дунджаар 4.56 удаа отон тоглолтод оруулдаг. Европт өөр ямар ч баг 3.3-аас дээш үзүүлэлт гаргаагүй байна. Иньиго Мартинесгүй үед, мөн өрсөлдөгчид нь энэ арга барилд дасан зохицож эхэлснээр угтактик бага зэрэг хүндрэлтэй тулгарсан ч нийт дүнгээрээ хамгаалалтын шугамыг “өндөр”-т барих, прессинг хийх зэрэг нь эерэг үр дүн авчирсаар. Ямар ч тохиолдолд энэ бол үзэгчдэд таалагдах тоглолтынх нь бас нэг онцлог болжээ.
8. Багийн андаа гоол оруулах байрлалд оруулсан оновчтой дамжуулалтаар Ла Лигийн Топ-5-д “Барса”-гийн гурван тоглогч (Ямаль, Педри, Фермин) багтсан.
9. Хоёр довтлогч болох Ферран Торрес (0.76), Р.Левандовски (0.78) торгууль цохиогүй боловч 90 минутад оруулсан гоолын үзүүлэлтээр Ла Лигийн эхний хоёрт бичигдэж байна. Энэ нь довтолгооны хүч, олон хувилбарт тоглолтыг нь тодотгож байгаа юм. Мөн Ямаль, Рафинья, Педри, Фермин нарын бүтээлч тоглолт хэнд нь ч гоол оруулах боломжийг бүрдүүлж өгч чадна.
10. “Барселона” хоёр улирал дараалан долоон гоолтой тоглолтыг үзэгчдэдээ сонирхуулсан. Энэ улиралд “Ньюкасл”, өнгөрсөн улиралд “Валенсиа” болон “Вальядолид”-ын эсрэг тэд өдий тооны гоол оруулж байв. Энэ нь “Барса”- гийн хувьд жирийн үзэгдэл болж хувирчээ.
11. “Барса” хамгийн утга учиртай хөл бөмбөг тоглодог. Үүний тод жишээ нь, эсрэг багийн талбайн гуравны нэг хувьд өөрийн багийн тоглогчид очсон дамжуулалтын ердөө 3.19 хувь нь өвдөгнөөс дээш өндөрт очсон. Энэ бол Европтоо хамгийн бага үзүүлэлт юм. Мэдээж хөндлөн дамжуулалт, холын дамжуулалт нь ашигтай “зэвсэг” боловч энэ нь тодорхой хэмжээнд бөмбөгний хяналтаас татгалзаж буй хэрэг юм. Биеийн хүчний тулаан, хоёр дахь бөмбөгнийтөлөөх тэмцэлд найдсан тоглолт нь заримдаа зөв боловч “Барса” ийм аргыг хамгийн бага ашигладаг.
12. Санхүүгийн хязгаарлагдмал нөөцтэй атлаа өндөр түвшинд тоглож байна. “Барса”- гийн эргэн тойронд мөнгөний бэрхшээл байгаа ч магадгүй энэ хязгаарлалт нь багийг бүр илүү “сонирхолтой” болгодог. Каталоны залуус Х.Фликийн удирдлага дор “Реал”-ын баян бүрэлдэхүүн, лигийн туршлагатай багуудыг даван гарч байна. Гэхдээ Х.Фликт солилцоо, наймаагаар бага зэрэг ч болов туслах цаг ирсэн бус уу.
13. Х.Флик багтаа эцэг шиг нэр нөлөөтэй. Түүний эрх мэдэл ганхашгүй бөгөөд багт түүнээс чухал хүн үгүй. Бүгд дасгалжуулагчаа хүндэлж, сэлгээнд суусны дараа уурлах, маргах явдал бараг гардаггүй. Гэхдээ энэ нь зөвхөн талбай дээрх хатуу чанд сахилга батыг харуулж байгаа хэрэг.
Харин хувцас солих өрөөнд тэрбээр тоглогч бүртэй ярилцаж, залуусаа ойлгож чаддаг халамжтай удирдагч. Хави хүртэл “Флик бол гайхалтай хүн, агуу аварга” гэж хэлж байв.
Э.Манлайбаатар