“Цэцэрлэгийн багш болбол чиний зан аашинд тохирох юм шиг санагдлаа. Хүүхдүүдтэй их эвлэг, гоё харилцаж байна” гэж нэг багш минь надад хэлсэн юм. Түү ний зөвлөснөөр цэцэрлэгийн багш болохоор суралцаж байна. Би аравхоёрдугаар анги төгсөх жилдээ бага ангийн багш болно гэж бодож байсан ч балчир хүүхдүүдтэй харилцах нь илүү хөгжилтэй санагддаг. Сургуулиа төгсөөд энэ чиглэлээрээ БНСУ-д магистр хамгаална гэж бодож байгаа” хэмээн МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсрол(СӨБ)-ын сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Н.Цэгмид-Ойдов ярив. Тус сургуулийн шинэхэн элсэгч, Өвөрхангай аймгийн Хужиртаас ирсэн оюутан охин мөн л хүүхдэд хайртай учраас эл мэргэжлийг сонгосон гээд инээмсэглэсэн. Тэрбээр “Би нийгэм, монгол хэлний хичээлээс гадна ур чадвараар элсэлтийн шалгалт өгсөн. Эсээ бичих, сэтгэн бодох ур чадварын шалгалтад 600 гаруй оноо авсан. Төгсөөд сумандаа очиж ажиллана. Цэцэрлэгийн багш олон талын ур чадварт суралцахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх боломжтой” гэв.
“Хүүхдийн ертөнц хамгийн гэгээхэн” хэмээн бахархан ярих тэдний хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй мэт санагдана. Харин төгсөх ангийн оюутнууд арай өөр зүйл ярив. Тэд “Одоогийн хүүхдүүдийн зан араншин, хүсэл тэмүү лэл, харилцаа, хандлага огт өөр болсон. Сая багшлах дадлагад гарахдаа маш их шантарлаа. Эцэг, эхчүүдийн харилцаа, хандлага бүр хэцүү санагдсан. Хүүхэд нь гэртээ маажуулаад ирсэн байхад багшийг буруутгаж загнадаг” гэлээ. Цэцэрлэгийн багшаар суралцаж буй оюутнууд гуравдугаар дамжаандаа туршин заах, төгсөх жилдээ багшлах дадлага хийдэг юм байна. Тэр үедээ л жинхэнэ багшийн мэргэжлийн онцлогийг ойлгодог аж.
“ТӨГСӨӨД Л АЖЛЫН БАЙР БЭЛЭН”
Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын нийт 1399 байгууллагад 258 849 хүүхэд суралцаж буй. Үүнд 36 464 багш, ажилчин ажиллаж байгаагийн 28.2 хувь нь үндсэн буюу бидний нэрлэдгээр анги удирдсан багш. Үндсэн багшийн эзлэх хувь өнгөрсөн жилийнхээс бага зэрэг ахисан ч хомсдол байсан хэвээр. Ялангуяа биеийн тамир, хөгжмийн багш цэцэрлэгт дутагдаж байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт биеийн тамирын 898, хөгжмийн 841 багш ажиллаж буй. Нэг цэцэрлэгт мэргэжлийн багш ганц байхаар тооцоход 600 орчим байгууллагад эл мэргэжилтэн сох дутах нь. Манай улс багшийн хомсдолд орсноо хэдийн хүлээн зөвшөөрч, цэцэрлэгийн 1000, ерөнхий боловсролын сургуулийн 3000 ор чим багш дутагдалтай байна хэмээн өнгөрсөн онд зарлаж байв. Ажиллах багшгүй хэрнээ цэцэрлэг, сургууль олноор нь барих хэрэгцээ, шаардлага байсаар. 2026 онд гэхэд л төрийн өмчийн цэцэрлэгийн тоо 20-иор нэмэгдсэн. Энэ хэрээр ажиллах боловсон хүчний эрэлт нэмэгдэх нь ойлгомжтой. Үүнийг ч олон судалгаа баталдаг. Тухайлбал, Засгийн газраас хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлүүдийг анх 2023 онд тодорхойлж, түүнээс хойш шинэчлэн гаргасаар ирсэн. Одоогоор эрэлттэй мэргэжлүүдийг сургуулийн өмнөх боловсролын буюу цэцэрлэгийн багш тэргүүлж буйг Боловсролын ерөнхий газраас саяхан танилцуулсан билээ. Үүний араас нь ерөнхий боловсролын сургуулийн багш бичигджээ.
Манай улсад 18 их, дээд сургууль цэцэрлэгийн багш бэлддэг аж. Үүнээс төрийн өмчийн ганц сургууль нь МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль юм. Өдгөө 60 жилийн түүхтэй тус сургууль анх 1962 онд Хүмүүжүүлэгч багш нарыг бэлтгэх дунд сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өдгөө МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нэг болж, өргөжсөн түүхтэй. Улсын хэмжээнд цэцэрлэгийн багш нарын 90 гаруй хувийг дангаараа бэлддэг байсан тус сургууль өдгөө олон “өрсөлдөгч”-тэй болсон ч сургалтын чанараараа ялгардаг болохыг тухайн сургуулийнхан онцолсон. Энэ талаар тус сургуулийн захирал Б.Мөнхзаяагаас тодруулахад “2025-2026 оны хичээлийн жилд манай сургуульд 850 гаруй оюутан суралцаж байна. Өвлийн төгсөлтийн дараагаас 650 орчим оюутантай сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаа. СӨБ-ын багш мэргэжлээр бакалавр, магистрын сургалт явуулдаг. Мөн эчнээ болон хөрвөх сургалтаар багшийн туслах бэлдэж байгаа. 2023 оны Боловсролын ерөнхий хуулийн шинэлчилсэн найруулгаар туслах багшийн “багшийн туслах” гэж нэрлэх болсон. Боловсролын сайдын тушаалаар магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль л багшийн туслах бэлддэг. Одоогоор манай улсад зургаан их, дээд багшийн туслах бэлдэж байна. ХБНГУ-ын ACQIUN байгууллагаар “Багш, сургуулийн өмнөх боловсрол” хөтөлбөрөө 2024 онд магадлан итгэмжлүүлсэн. Сургалтын хөтөлбөрөө олон улсын байгууллагаар магадлан итгэмжлүүлнэ гэдэг багш, боловсон хүчин нь чадварлаг, мэргэжлийн байгаагийн илрэл. Тухайн сургуульд докторын зэрэгтэй хэчнээн багш байна, судалгаа, шинжилгээний ажил нь олон улсад хэр зэрэг ишлэгдсэн зэргийг харгалзан үзэж олгодог” гэв.
Харин төгсөгчдийн хэдэн хувь нь мэргэжлээрээ ажиллаж буй, эсэхийг лавлахад “Бид мөшгөх судалгааг жил бүр хийдэг. Төгсөгчдийн маань 90 гаруй хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Зарим нь үргэлжлүүлэн магистрт суралцаж байгаа. Цэцэрлэгийн багшийн тухайд төгсөөд л ажлын байр бэлэн. Цалин хангамжийн тухайд ч ерөнхий боловсролын сургуулийн багшийнхаас нэг шатлал илүү буюу үндсэн цалин нь арай ахиу. Гэвч биеийн тамир, хөгжмийн багш хамгийн их эрэлттэй хэвээр байна. Бүлгийн багшийн тухайд зах зээлийн эрэлт, нийлүүлэлт ойролцоо. Сүүлийн жилүүдэд зарим аймагт цэцэрлэгийн багшийн ажлын байр хангалттай байх болсон. Тухайлбал, Өвөрхангай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад дутагдсан багш алга. Үндсэн багшаар суралцаж төгссөн ч туслахаар ажиллах орон тоо л байх жишээтэй. Үүний зэрэгцээ хомсдол үүссэн аймаг, сум ч бий. Нийслэлд бол багшийн орон тоо байнга дутагддаг” гэв.
Хүүхдүүд өдрийн ихэнх цагаа цэцэрлэг, сургуульдаа өнгөрүүлдэг. Хоёрхон настай бал чир үрсийн ээжийнх нь оронд ээж, аавынх нь оронд аав болох хүндхэн үүрэг цэцэрлэгийн багшид оногддог билээ. “Багш аа, багш аа” гэж тасралтгүй шулганан, хормойдох багачуудтай бүхэл өдөржин хамт байж, тэднийг хооллож, ундлан, сургаж хөгжүүлнэ гэдэг ёстой л мэргэжлийн хүний л хийх ажил гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Хүүхдээ цэцэрлэгт өгдөг тулдаа эцэг, эхчүүд сэтгэл зовохгүй, ажлаа хийж, амьдралаа залгуулж буй. “Цэцэрлэгийн багшийн ажлыг дөрвөн жил “номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан” хүн л хийж чадна” гэдгийг эл мэргэжилтэнг бэлтгэдэг сургуулийн удирдлага ч хэлнэ лээ. Энэ хэрээр маш өндөр хариуцлагатай ажил. Хүний нялх хүүхдийг гэмтээж бэртээхгүй харж хандаж, хариуцна гэдэг амаргүй. Үүний зэрэгцээ “Цэцэрлэгийн багш нар хүүхэд зодсон, сандалтай нь хүлсэн” зэрэг сэртхийм мэдээлэл байсхийгээд л дуулддаг. Ийм харгис үйлдлийг ихэнхдээ багшийн мэргэжлээр суралцаагүй, эсвэл хэдхэн сарын сургалтад хамрагдсан хүмүүс үйлдсэн байдаг гэж салбарынхан нь хэлсэн.
ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС БАГШИЙН ТУСЛАХААР СУРАЛЦАХ НЬ НЭМЭГДЖЭЭ
Үнэндээ багшийн эрэлтэд дөрөөлж, багшийн дипломгүй хүмүүс энэ салбарт ажиллах болсон. Ялангуяа багшийн туслахаар хэн дуртай нь ажилладаг гэхэд хилсдэхгүй. Цэцэрлэгийнхээ үйлчлэгч, тогооч, эсвэл огт өөр мэргэжилтэй хүмүүс хэдхэн сарын сургалтад суугаад энэ албан тушаалд очих нь бий. “Чухал амжилт” зэрэг сургалтын төв төгсөөд л багшилдаг нь нууц биш. Боловсролын яамнаас ч гал намдаах төдий арга хэмжээ авдгаас бус, салбарыг бүхэлд шинэчлэх, багш нарын нийгмийн баталгааг сайжруулахад төдийлөн анхаардаггүй. Харин сүүлийн үед дээд боловсролтой хүмүүс багшийн туслахаар суралцах нь нэмэгдсэн гэнэ. Тухайлбал, Сургуулийн өмнөх боловсролын сургуульд гэхэд сүүлийн хоёр жилд энэ мэргэжлээр эчнээ болон хөрвөн сургалцах ангид цөөнгүй хүн элссэн гэнэ.
Хүүхдийн тархины 70 гаруй хувь нь тав хүртэлх насандаа хамгийн их хөгждөг гэдэг. Энэ үед нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжил, ой тогтоолт, гадаад хэл сурахад нь илүү анхаарвал өндөр амжилт гаргадаг аж. Орчин үеийн хүүхэд өөр болсон. Тэдэнтэй хэрхэн ажиллах, эцэг, эх, асран хамгаалагчидтай нь яаж харилцах гээд шинжлэх ухаанчаар авч үзэх, хөтөлбөр, сургалтаа шинэчлэх, засаж сайжруулах хэрэгтэйг Б.Мөнхзаяа багш хэлнэ лээ. Тиймдээ ч сурган, сэтгэл судлалаас гадна сургалтын 40 гаруй хувийг нь арга зүйн хичээл эзэлдэг байна. Байгаль, нийгэмтэй харилцах, хэл яриа, төсөөлөн бодох чадварыг сайжруулах, бага насны хүүхдийн хөгжлийн онцлогт тохируулан ажиллах арга зүйг цэцэрлэгийн багш нар эзэмшдэг байна. Мөн бага насны хүүхдийн сэтгэл зүйч мэргэжилтэн бэлдэхээр сургалтын хөтөлбөрөө шинэчилжээ.
Хүүхдийг нэгдүгээр ангид орохоос нь өмнө харандаа, үзэг зөв бариулж, сандал дээр сууж сургахаас эхлээд цэцэрлэгийн багш нарын үүрэг, оролцоо улам ихэссэн. Цэцэрлэг бол хүүхдийг агуулах газар бус, хөгжүүлэх, төлөвшүүлэх орчин гэдгийг илүүтэй ярих болсон. Багшаас өндөр шаардлага нэхэхийн зэрэгцээ ажлын ачааллыг нь бууруулах, цалин хангамжийг нь сайжруулах, мэргэжилтний хомсдолыг арилгах зэрэг улсын хэмжээнд бодлогоор хэрэгжүүлэх ажлууд шил шилээ дараад хүлээж буй. “Цэцэрлэгийн багш нар хүүхэд нь өвдсөн ч чөлөө авах боломжгүй, бие нь чилээрхсэн нь эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх завдалгүй ажилладаг” хэмээн Боловсролын яамныхан нэг хэсэг уянгалж, 7-14 хоногийн цалинтай чөлөө олгоно хэмээн попорсон.
Багш мэргэжлээр суралцаж буй хэн бүхэн Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах боломжтой юм. Энэ нь цэцэрлэгийн багшаар суралцах хүүхдүүдэд хамаатай бөгөөд 2.7-гоос дээш голч дүнтэй суралцаж байж, эл тэтгэлгийг хүртэх эрхтэй. Харин төгсөөд мэргэжлээрээ орон нутагт гурав, нийслэлд таван жил багшаар ажиллах ёстой. Аймгийн төвд ажиллавал 20, суманд бол 40 хувийн нэмэгдэл цалин олгодог аж. Энэ мэтээр багш мэргэжлээр суралцагчдын тоог нэмэх гэж Засгийн газраас сургалтын төлбөрийг чөлөөлсөн ч боловсон хүчний хомсдолыг арилгаж чадахгүй байна. Улсдаа ганц төрийн өмчит Сургуулийн өмнөх боловсролын сургууль нь ч Удирдах зөвлөлөөс жил бүр тогтоодог элсэгч дийн тоондоо хүрч чадахгүй байгаагаа нуугаагүй. Элсэлтийн шалгалтын үеэр тухайн сургуулийн багш нар аймаг, суманд очиж ятгаад ч “Цэцэрлэгийн багш болно” хэмээн зүүдэлж ч байгаагүй хүүхдүүдийг тийм ч амархан сургуульдаа элсүүлж дөнгөдөггүй гэх. Багшийн нэр хүнд, үнэ цэнийг өсгөсөн цагт л хүссэн, хү сээгүй энэ мэргэжилд хошуурах биз.