Хөнгөн атлетик нь алхалт, гүйлт, харайлт, шидэлтийн төрлийг агуулсан “Спортын хатан хаан” хэмээгддэгээрээ бүх спортын суурь болдог. Эл спортын тэмцээнд оролцож буй тамирчид өндөр амжилт гаргаж байж, дэлхийн, эсвэл улсынхаа дээд амжилтыг эвддэг. Ингэхийн тулд олон жил тууштай хөдөлмөрлөж, зорилгодоо хүрдэг билээ. Ийм нэгэн бахархмаар түүхийг Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны тамирчин, Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул, ОУХМ, дэлхийн аварга М.Оюун-Эрдэнэ бүтээсэн юм. Тэрбээр Энэтхэгийн Дели хотод зохион байгуулсан ДАШТ-д оролцохдоо мастер ангиллын 60+ насныхны 50 км зайг дөрвөн цаг найман минут 43секундэд туулан түрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Түүнээс өмнө Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейп Таун хотод 2015 онд болсон ДАШТ-д АНУ-ын тамирчин Нэнси Уилл дөрвөн цаг 12 минут 55 секундээр тогтоож байжээ. Дотоодын тэмцээнд зургаа, 12 цагийн марафонд улсын дээд амжилтыг шинэчилж, эзэмшсэн М.Оюун-Эрдэнийг зочноор урилаа.
-Бэлтгэл сайн базаасан тамирчин ямар ч уралдаанд амжилт гаргадгийг та өөрийн биеэр үлгэрлэн харууллаа. Тухайн улсад болох тэмцээний уур амьсгал онгоцны буудалд хөл тавьсан анхны өдрөөс мэдрэгддэг гэдэг дээ.
-Дели хотын цаг агаар их халуун, бүгчим. Монголын их хүйтнээс 40 хэмийн дулаан уур амьсгалтай оронд хөл тавих бидэнд тун сонирхолтой санагдсан. Олон цаг нисэж очсон болохоор эхний өдөр бие хавагнан, орчин нөхцөлд нь дасан зохицох амаргүй байв. Хилийн дээс алхахдаа “Энэтхэгт очиход таарч, тохирох хоол хүнс байх болов уу” гэж бодож байлаа.Тэгтэл тамирчдад зориулсан хоолны сонголт сайн байсан нь их таалагдсан. Тэмцээний өмнө бид аль болох хөнгөн хооллож, жимс ногоо, загас, тахианы мах идсэн. Би “Art of UB” уран зургийн галерейд үйлчлэгчээр ажилладаг. Ямар ч ажилтай байсан бэлтгэлээ тасалдаггүй. ДАШТ-ий өмнө сургуулилалтаа Хүүхдийн парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд голдуу базаасан. Өглөө эрт ажлаа амжуулчхаад байгууллагынхаа удирдлагаас гурван цагийн чөлөө авч гүйдэг байлаа.
-ДАШТ бол шилдгүүдийн өрсөлддөг томоохон талбар. Тэмцээний өмнөх өдөр ямар бодол төрсөн бэ?
-Дэлхийн шилдгүүдтэй хурд сорино гэдгээ мэдсэн ч тэмцээний өмнө догдолж сандраагүй, харин ч сэтгэл тогтуун, тайван байсан. Өглөө үүрийн дөрвөн цагт уралдаан эхлэх тул эрт унтаж амарсан. Бид хоёр цаг 30 минутад босож, Монголоос авч явсан хоол хүнснээсээ өөртөө тааруулж идсэн. Би мастер ангиллын 60+ насныхны 50 км-ийн зайд уралдахдаа залуучуудын дунд гүйсээр барианд орсон доо. Хөнгөн атлетикийн ДАШТ-ийг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард зохион байгуулах байсан нь хойшлогдсон тул зарим орны тамирчин ирж амжаагүй. Тэмцээнд оролцсон орнуудын тамирчид бэлтгэлээ сайтар хангасан нь уралдааны явцад анзаарагдсан. Багаараа тактик боловсруулан нэг нь урд гарч, нөгөө нь салхи хааж таван км гүйхэд дараагийнх нь залгуулаад мөн таван км гүйх жишээтэй. Ийн тооцоолон төлөвлөсний дагуу гүйж, багаараа сайн ажиллан, амжилт гаргах нь сайхан санагдсан. Тэднийг хараад надад “Би залуу байсан бол ийм тактикаар л уралдах байсан даа” гэсэн бодол төрсөн шүү. Азиас Австрали, Япон, Европоос АНУ-ын баг олон тамирчинтай оролцож харагдсан.
-“Хөдөлмөр” нийгэмлэгийн тамирчин байхдаа дотоодын тэмцээнүүдэд түрүүлдэг эмэгтэй цөөн тамирчны нэг байсныг үеийнхнээс тань сонссон.
-10 жилийн сургуулийн сурагч байхдаа хөнгөн атлетикийн спортод хөл тавьж, 1981-1986 онд “Хөдөлмөр” нийгэмлэгийн тамирчин болсноор дотоодын томоохон тэмцээнүүдэд оролцох болсон юм. Хэт холын марафоноор 15 жил тууштай хичээллэсний үр дүнд дэлхийн аварга боллоо. Тамирчин хүнийг зорилгоо биелүүлэхэд гэр бүлийнх нь үүрэг оролцоо, ойлгож, хүлээж авах хандлага их нөлөөлдөг. Өнгөрсөн он жилүүдэд хань минь намайг ойлгож, бэлтгэл сургуулилалт хийх боломж нөхцөлөөр ханган, ар гэрийнхээ бүх ажлыг миний оролцоогүйгээр хариуцаж ирлээ. Гэрийнхэн минь дэмжиж, туслаагүй бол би амжилт гаргаж чадахгүй байсан болов уу. ДАШТ-д оролцох тэмцээний зардлыг хаанаас олох вэ гэж нэг их сандарч тэвдээгүй. Тэр бүхнийг нөхөр, ах дүүс минь хариуцаж, сэтгэл тайван оролцууллаа. Хань минь “Чи бэлтгэлээ хийж, тэмцээндээ оролц. Ар гэрийн ажилд санаа зовох хэрэггүй. Би зохицуулна” гэж урам өгч, урагшлуулсан.

-Олон улсын тэмцээнд цөөнгүй оролцсоныг тань мэднэ. Хэрхэн хурд сорьж амжилт гаргаснаа сонирхуулаач.
-Филиппинд 2023 онд болсон 22 дахь удаагийн Азийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын эмэгтэй марафончдоос 55-59 насныхны ангилалд би алт, С.Уранчимэг хүрэл, Ч.Пагамсүрэн 60-64 насныхад хүрэл медаль хүртэж байв. Миний хувьд дараа жил нь БНХАУ-ын Шамень хотод зохион байгуулсан зургаан цагийн гүйлтийн тэмцээнд амжилттай оролцож, Олон улсын хэмжээний мастер (ОУХМ) цолны болзол биелүүлсэн. Дотооддоо зургаа, 12, 21, 24 км-ийн марафонд хурд сорьж, тэргүүн байрт шалгарч, “Улаанбаатар марафон”-д таван жил тасралтгүй оролцож аварга боллоо. Зургаан цагийн гүйлтэд 64, 12 цагийнхад 101 км гүйж насныхаа ангилалд улсын дээд амжилтыг эвдэж, өнөөг хүртэл эзэмшиж байна. Ирэх тавдугаар сард болох “Улаанбаатар марафон-2026”-д 21 км-ийн зайд түрүүлэх зорилго тавьж, бэлтгэлээ үргэлжлүүлж байна.
-Та ямар дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базааж, гадаад, дотоодын тэмцээнд оролцдог вэ?
-Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо байгуулагдсанаас хойш дасгалжуулагч С.Өнөрбаяр багшийн удирдлагад өнөөг хүртэл хичээллэж байна. Түүний заавраар бэлтгэлээ хийж, зөвлөгөөг нь уралдах бүрдээ хэрэгжүүлдэг. ДАШТ-д амжилт гаргахад багшийн заасан бүхэн алхам тутамд хэрэг боллоо. Тэрбээр уралдааны талбарт гарахын өмнө “Хэмнэлээ алдалгүй, цагтаа багтаж гүйгээрэй” гэж захисан. Би ч зөвлөснийг нь баримталж, 50 км-ийг дөрвөн цаг найман минут 43 секундэд туулан барианд орсон. Хэт холын марафонд хурдан бус, нэг хэмээр жигд гүйдэг юм. Дулаан уур амьсгалтай орнууд хөнгөн атлетикийн тэмцээнийг үүрээр цаг агаар сэрүүн байхад эхлүүлдэг. Үүрээр 04.00 цагт зохион байгуулсан тэмцээн 08.00 цагт өндөрлөх ёстой. Тэгтэл долоон цаг 30 минутын үед нар мандаж, халж эхэлсэн. Би 40 гаруй км-ийг ардаа орхисон байсан тул үлдсэн замаа халуун болохоос өмнө бушуухан дуусгахаар хичээсэн.
-Өөрийгөө тэргүүлж явааг уралдааны явцад мэдэв үү?
-Урд яваа тамирчдын дугаарыг хараад гүйсэн болохоор түрүүлэх нь тодорхой болсноо ойлгосон юм. Надаас тасарч, нэлээд хол зам гүйсэн нэг тамирчин 55 насныхны ангиллынх байв. Тэрбээр 30 гаруй км гүйгээд өөрийн эрхгүй сууж, надад гүйцэгдлээ. Түүний өмнө миний насны ангиллын нэг ч тамирчин байгаагүй, зөвхөн залуучууд л гүйж байв. Тэр үед “Тэргүүлэх минь тодорхой болжээ. Багшийн зөвлөснөөр цагаа барьж гүйе” гэж бодсон. Монголын багийн гурван марафонч надтай хамт гараанаас гарсан ч залуу тамирчид тул хурдтай гэдгээ харуулж, нэг тойргоор илүү уралдан, цагийн өмнө барианд орсон. Тэднээс Б.Номин-Эрдэнэ хүрэл медаль хүртэхэд тун ойрхон байв. Тэрбээр эхний гурван байрт шалгарсан тамирчдаас хэдэн долийн ард орж, IV байр эзэлсэн. Энэтхэгийн тамирчид ДАШТ-д түрүүлээгүй ч маш сайн өрсөлдсөн. Тэдний заримыг нь хөл нүцгэн гүйхийг хараад энэ хол замыг яаж туулна даа, бэртэж гэмтэх вий дээ гэж өмнөөс нь санаа зовж байлаа. Тэмцээн өндөрлөсний дараа медаль гардуулж, хаалтын үйл ажиллагаа болсон. Дели хотод Төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандуулахдаа өөрийн эрхгүй огшсон доо.
-Хөнгөн атлетик спортын төрлүүдээс хамгийн хүнд нь гэдэг. Тамирчдаас тууштай хичээллэсэн нь цөөн байх юм.
-Бэлтгэл хийхдээ хааяа халширч “Би юуны төлөө өөрийгөө ингэтэл зовоодог юм бол” гэж бодсон удаа цөөнгүй бий. Хүн дуртай зүйлээ хэцүү байсан ч хаядаггүй. Төдийгөөс өдийг хүртэл хичээллэсэн юм чинь үр дүнг нь заавал үзэж, ард нь гарна гэж маш их хичээж зүтгэсэндээ одоо ч талархдаг. Намайг ДАШТ-ий барианд ороход багш “Баяр хүргэе, мундаг байна. Цагаа маш сайн барилаа. Миний бодож, тооцоолсноос илүү хурдан гүйлээ” гэж урам хайрласан. Багш, багийн бүрэлдэхүүн, хамт явсан хүмүүсээсээ өөдрөг үг сонсох надад ч сайхан байлаа.
-ДАШТ-ээс ирснийхээ маргааш ажилдаа орж, бэлтгэлээ үргэлжлүүлсэн гэв үү?
-Тийм ээ. Багахангай дүүрэгт тавдугаар сард болох “Багахангай-2026” хөнгөн атлетикийн УАШТ-ий 100 км-т хурд сорих бодол бий. Тус тэмцээнд оролцсоныхоо дараа ДАШТ-ий 24, 48 цагийн марафонд оролцож, амжилтаа ахиулахаар төлөвлөж байна. Энэ төрөл зайд надтай хүчтэй өрсөлддөг үеийн тамирчин олон бий. Тэднээс С.Уранчимэг миний бэлтгэгч хангагч болж, хамт нэг сар гүйсэн нь ДАШТ-д түрүүлэхэд их нөлөөлсөн. Тамирчин хүн ганцаараа бэлтгэл хийгээд төдийлөн амжилтад хүрэхгүй. Богино хугацаанд ур чадвараа ахиулж, тэмцээнд оролцоход бэлтгэл хангагч тамирчны үүрэг их. Түүнгүйгээр зорьсондоо хүрнэ гэдэг хэцүү. Тэр тусмаа хөнгөн атлетикийн тамирчид хамт гүйдэг тамирчныхаа ачаар бэлтгэлээ өндөр хэмжээнд чанартай хийдэг юм. Би энэ жил оролцох тэмцээн, уралдааныхаа салхийг алтан медалиар хагалсан. 2026 он надад аз, амжилт аль алийг нь харамгүй хайрлаж байна. Тамирчин хүнд амжилт гаргах он жил гэж бий. Тэр цаг хугацаа нь иржээ гэж ойлгосон. Өнгөрсөн жил хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, “Оны шилдэг тамирчин”-аар хоёр дахь удаагаа шалгарч гэр бүл, хамт олон, ах дүүс, хамт бэлтгэл базаадаг тамирчин, найз нөхдөө баярлуулсан.
-Хүүхдүүд тань таныг дагаад гүйдэг үү?
-Манай хүүхдүүд хөнгөн атлетикаар хичээллэдэггүй. Хааяа ач охиндоо “Чи өглөө босоод гүйж байгаач” гэхээр “Би таны алхахыг гүйцэхгүй байж яаж гүйх вэ дээ. Миний эмээ урт насалж, үр хүүхдүүдийг минь харж өгөх биз ээ” гэдэг юм. Спортоор хичээллэдэг хүний ажлын бүтээмж өндөр, бие нь эрүүл, саад бэрхшээлтэй тулгарсан ч амархан бууж өгөхөөргүй сэтгэлийн хаттай байдаг. Тэмцээн, уралдааны өрсөлдөөнийг үүнгүйгээр төсөөлшгүй. Арьс, ширний үйлдвэрт ажиллахдаа би спортоос нэг хэсэг холдоход жин нэмж, даралт ихсэн, өвчин хэлдэг болсон. Тэр үед гүйхгүй л бол өвчинд өртөх эрсдэлтэй юм байна гээд бэлтгэлээ эхлүүлсэн. Хэдэн сар гүйхэд өмнөх жиндээ орж, өвчин хэлэхээ ч больсон. Дасгал, хөдөлгөөн байнга хийхээр булчин, шөрмөс ажиллаж, дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжран, сэтгэл санаа өөдрөг болдог. Хөдөлгөөний дутагдлаас үүсдэг өвчин, эмгэгээс өөрийгөө хамгаалж чадсандаа баярладаг юм. Хааяа эрүүл мэндийн үзлэг хамрагдахад эмч үзээд “Өдий насалсан гэхэд танд өвчин алга. Юу хийдэг, ямар мэргэжилтэй хүн бэ” гэж асуухад нь “Хөнгөн атлетикийн тамирчин” гэхээр “Ийм спортоор хичээллэдэг хүн эрүүл байхаас яах вэ” гэж хэлдэг юм.

-Таныг дуурайж энэ спорттой нөхөрлөсөн хүн байдаг биз?
-Бий бий. Эмэгтэйчүүдээс С.Уранчимэг олон жил тууштай хичээллэж байна. Тэрбээр над шиг мөн спортоос хэдэн жил хөндийрсөн юм. Яг тэр үед би хөнгөн атлетикт эргэн ирж таарсан. Нэг өдөр дасгалжуулагч маань түүн рүү миний зургийг явуулж, “Чи энэ эмэгтэйг таних уу. Манай клубийн тамирчин болж, гүйгээд эхэллээ” гэхэд “Танилгүй яах вэ. “Хөдөлмөр” нийгэмлэгийн тамирчин байсан юм. М.Оюун-Эрдэнэ гүйж байгаа бол би ч гэсэн хичээллэнэ” гэж хариулаад бэлтгэлээ үргэлжлүүлсэн гэдэг. Бид нэгнээ спортод уриалан дуудсанаар тэмцээний үед хүчтэй өрсөлдөгч болж, энгийн үед сайхан нөхөрлөн хамтдаа урагшилж байна. Тэрбээр маш сайн гүйдэг. Олон ч тэмцээнээс медальтай ирсэн. Түүний тууштай, дайчин, зоримог зан надад эрч хүч өгч, хурцалдаг юм.
-Тамирчин хүн амжилтад хүрэхийн тулд олон зүйлийг золиосолдог. Үүний нэг нь ар гэрийн амьдралаа мартах нь холгүй явж, зорилгодоо хүрдэг. Үнэний ортой биз?
-Тийм шүү. Нөхөр минь дэмжээгүй бол өдий дайтай амжилт гаргаж, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдахгүй байлаа. Би багийнхантайгаа 25 км-ийн кросст өнөөдөр гүйсэн. Нөхөд минь “Дэлхийн аваргатайгаа “Улаанбаатар марафон”-д оролцох гүйлтийнхээ бэлтгэлийг эхлүүлье” гээд сургуулилалтаа баяр хөөртэй хийлээ. Энэтхэгээс ирээд энэ мэтчилэн өдөр, хоногийг сонирхолтой өнгөрүүлж байна. 2026 оны гал морин жилийг азтай, амжилттай эхлүүлж, ДАШТ-д алтан медаль хүртэн, Монголынхоо спорт сонирхогчдыг баярлуулсандаа өөрөөрөө ч бас бахархсан. Энэ амжилт бол зөвхөн минийх бус. Олон хүний тус дэм их бий. ДАШТ-д хамт оролцсон багийн бүрэлдэхүүн, бэлтгэл хийлгэсэн дасгалжуулагч, бэлтгэл хангагч тамирчин, тэмцээнийг уралдааны талбараас олонд шуурхай хүргэсэн хэвлэл мэдээллийнхэн, зохион байгуулагчидтай холбож өгсөн орчуулагч, гэр бүл, ах дүүс, хамт олон, найз нөхдийн итгэл найдвар намайг тэргүүн байрт шалгарахад нөлөөлсөн. Тэмцээн, уралдаанаас хүртсэн медалиа тоолдоггүй ч 100 хол давжээ. Энэ ташрамд, хөнгөн атлекийн спортыг сонирхож хичээллэдэг залууст “Тамирчин хүнийг бэлтгэлээс гадна сахилга бат, тэсвэр хатуужил, сэтгэлийн хат урагшлуулдаг. Зорилгодоо хүрэхийн тулд зориг бүхнийг ялдаг юм шүү. Амьдрал, спортод ч боломжгүй зүйл гэж байдаггүй. Хичээж, тэмүүлбэл хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд ойрхон байдаг юм” гэж хэлье.