Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өчигдөр аймгуудын Засаг дарга нартай уулзан “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. ХХААХҮЯ-наас бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх “Нутагтаа эзэн 100:1000” төслийг 16 аймгийн 16 сумд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүний хүрээнд сумуудын 16 багт нийт 100 га талбайд ногоон тэжээл тарих аж. Манай улс 1626 багтай бөгөөд газар тариалангийн бүс нутгийг хасаж тооцвол ногоон тэжээл тариалах шаардлагатай нь1071 гэнэ. Мөн улсын хэмжээнд эргэлтэд оруулаагүй атаршсан нийт 112 265 га талбай бий бөгөөд талбайг ашиглах, малчдад ногоон тэжээл тариалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх төслийг санаачилжээ. Малчид хоршин ногоон тэжээл тариалж, хэрэгцээгээ хангахаас гадна илүү гарсныг нь борлуулах боломж бүрдүүлэхээ ХХААХҮЯ-наас мэдээллээ. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд сүүлийн 25 жилд хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хэмжээ 16 000 орчим га-гаар буурчээ. Харин өнгөрсөн онд 58 сая гаруй мал тоолуулсан нь 25 жилд бараг хоёр дахин нэмэгдсэндүн бөгөөд ашиглах газрын хэмжээ, тэжээл тариалалтыг өсгөх шаардлага бий юм.
С.Дулам