Унгар улс ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газрын арван ажилтныг хөөн гаргаж байгаа талаар Гадаад хэргийн сайд Анита Орбан мэдэгдэв.
Эрх баригчдын мэдээлснээр, ОХУ-ын төлөөлөгчийн газрын ажитнууд Унгар улсад "Венийн конвенцийн дагуу дипломатчдын хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй" үйл ажиллагаа явуулжээ. Харин чухам ямар үйл ажиллагаа гэдгийг Орбан тодруулагүй байна.
" Эл шийдвэр нь Унгарын аюулгүй байдал, бүрэн эрхт байдлыг хамгаалдаг" гэж тэрбээр хэлэв.
Ингэхдээ Гадаад хэргийн сайд Унгар улс Орос улстай дипломат харилцаагаа цуцлах бодолгүй байгааг онцолжээ.
"Энэ нь одоо байгаа Унгар-ОХУ-ын дипломат харилцааг тасалсан гэсэн үг биш" гэж Орбан тэмдэглэв. Тэрээр харилцан хүндэтгэл, дүрмийг дагаж мөрдсөн тохиолдолд Будапешт Москватай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх бодолтой байгаагаа илэрхийлэв.
Оросын дипломатчдыг хөөн гаргах шийдвэрийг тус улсын Ерөнхий сайд Петер Мадиар дэмжин "Бид улсынхаа бүрэн эрхт байдлыг хамгаалж байна" гэж парламентын хуралдаан дээр хэллээ.
Будапешт, Москвагийн харилцаа Петер Мадияр засгийн эрхэнд гарсны дараа өөрчлөгдөж эхэлсэн юм. Шинэ эрх баригчид Европын Холбоо болон НАТО-той харилцаагаа бэхжүүлэх, өмнөх засгийн газрын ОХУ-ын талаарх бодлогыг эргэн харах бодолтой байгаагаа зарласан.