Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын олон нийтэд зориулсан Green zone буюу ногоон бүс өчигдөр албан ёсоор үүд хаалгаа нээлээ. Тус бүсээр дамжуулан цөлжилт, газрын доройтлын шалтгаан, үр дагаврыг иргэдэд таниулахын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, сайн туршлагыг сурталчилж байна.
Ногоон бүсэд иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн 900 гаруй саналаас шалгарсан 480 төсөл, шилдэг 60 туршлагыг танилцуулж байгаа юм. Мөн байгаль орчны чиглэлээрх 180 төслийн үзэсгэлэн, 110 хэлэлцүүлэг, 1500 орчим илтгэл, экологийн сэдэвт зургаан шинэ киног нээнэ. Үүнээс гадна соёл, урлагийн тоглолт, 21 аймгийн өдөрлөг, уламжлалт мал аж ахуй болон нүүдлийн иргэншлийн биет бус өвийг алдаршуулах олон талт арга хэмжээ зохион байгуулахаараа онцлогтой.
Green Zone-ийн гол хэсгүүдийн нэг нь Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос толилуулж буй “Цөлжилт Монголд” тусгай үзэсгэлэн юм. Эл үзэсгэлэнд 40 орчим гэрэл зурагчны шилмэл бүтээлээс дээжлэн дэлгэсэн бөгөөд Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, экологийн тулгамдсан асуудал, байгаль дэлхийгээ хамгаалах зайлшгүй шаардлагыг гэрэл зургийн хэлээр өгүүлжээ.
Цас мөсөн оргил, мөнх цэвдгээс эх авч, амьдрал тэтгэх нуур, түүнийг хүрээлсэн зэрлэг цэцэгсийн өнгө төрх нь байгаль орчны нарийн тэнцвэрийг илтгэнэ. Харин уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг энэ нутагт экосистемийн тогтолцоо хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг уран бүтээлчид өөр өөрийн өнцгөөс гэрэл зургийн дуранд буулгажээ. Ингээд “Цөлжилт Монголд” үзэсгэлэнгээр дамжуулан эх орны маань эмзэг атлаа үзэсгэлэнт байгаль, хамгаалж үлдэх үнэт зүйлсийг гэрэл зургийн хальснаа хэрхэн мөнхөлснийг толилуулж байна.
У.Сүрэн