“World clean up day” буюу эх дэлхийгээ цэвэрлэх өдрийг энэ сарын 19-ндУлаанбаатар хотод зохион байгуулна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд болох эл арга хэмжээнд оролцогчдыг цахимаар бүртгэж эхэлжээ. “World clean up day”нь хог хаягдлын бохирдлыг бууруулах, иргэдийн оролцоонд суурилсан байгаль хамгааллын соёлыг төлөвшүүлэх зорилготой дэлхийн хэмжээний хамгийн том сайн дурын хөдөлгөөнүүдийн нэг юм. Одоогийн байдлаар тус хөдөлгөөнд дэлхийн бүхий л улс нэгдэж, 139 сая иргэн оролцжээ. Ийн жил бүр сая сая сайн дурынхан нэг өдөр, нэг зорилгын төлөө нэгдэн, байгаль орчноо цэвэр цэмцгэр байлгахын тулд хэдэн зуун мянган тонн хог хаягдлыг цэвэрлэн, олон нийтэд экологийн боловсрол, хариуцлагыг ойлгуулахын төлөө ажилладаг юм.
Манай улс энэхүү олон улсын хөдөлгөөнд нэгдэн, “Clean up Mongolia”-г санаачлан, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй. Тус хөдөлгөөнийг 2021 оноос хойш өрнүүлж, нийт 30 мянга гаруй хүн хамрагдаж, байгаль орчноо хайрлан хамгаалах дадлыг төлөвшүүлэх зорилготой юм. Ташрамд, дээрх хөтөлбөр нь “Алтан сарнай” наадмын Байгаль орчин, хүмүүнлэгийн оны шилдэг төслөөр шалгарч байжээ.
Ч.Цэлмэг