Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын талаар хэлэлцсэн Монгол-Оросын эрдэмтдийн багийн судалгааны ажлын дүгнэлт гарсныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандагсүрэн мэдээллээ. Тэрбээр “Судалгааны протоколд хоёр улсын эрдэмтдийн баг гарын үсэг зурсан бөгөөд оросын талаас зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийллээ” гэв. Хамтарсан эрдэмтдийн баг тайлангаа ОХУ-ын Шинжлэх ухааны академид ирэх сарын 18-нд хүлээлгэн өгч, улмаар хоёр улсын Засгийн газарт дүгнэлтээ танилцуулах аж. Ингэснээр олон жил яригдаж буй Эгийн голын усан цахилгаан станцыг барих төлөвлөгөө биелэх боломж бүрдэх юм. Ташрамд дурдахад, Булган аймгийн Хутаг-Өндөр сум Эг, Сэлэнгийн бэлчирт баригдах дээрх станцын ТЭЗҮ-г гэхэд 220 мВт болон 310 мВт-аар хоёр удаа боловсруулж байсан бөгөөд хэрэв баригдвал төвийн бүсийн цахилгааны импортыг бүрэн халж, жилд 30 орчим сая ам.доллар хэмнэх боломжтой гэж тооцдог.
С.Дулам