Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглалыг 2013 онд баталснаас хойш жил бүрийн аравдугаар сарын 23-ныг Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан “Цоохор ирвэсийн төлөө гүйе” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ирэх ням гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн 12 улсад нийт 4000-6500 орчим цоохор ирвэс бий бөгөөд тэдгээрийн 20 гаруй хувь нь Монгол орны нутаг дэвсгэрт амьдардаг. Өндөр уулын эзэн хэмээн нэрлэдэг цоохор ирвэс нь экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй. Аргаль, янгир зэрэг зэрлэг амьтан элбэг нутагт цоохор ирвэс амьдрахын зэрэгцээ ус, бэлчээрийн хүрэлцээ хангалттай, байгаль экологийн тэнцвэр харьцангуй сайн байдаг аж. Нутгийн иргэд цоохор ирвэсийг уул хайрхны савдаг хэмээн хүндэтгэж, нэрээр нь дуудахыг цээрлэн “сэври” гэдэг аж. Цоохор ирвэсийн эрийг гэнд, эмийг гинс, төлийг гүем хэмээн нэрлэдэг бөгөөд биеийн урт нь 103-130 см, жин нь 23-41 кг. Өтгөн сахлаг үстэй тул мөнх цаст оргилд амьдарч, 14 метр хүртэл хол үсэрч чаддагаараа онцлог юм. Хүнд аюул учруулах нь ховор энэ амьтныг манай улс “Улаан ном”-д бүртгэж, агнахыг хуулиар хориглосон байдаг.
Э.Сүйлэн