Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон тооны үл хөдлөх хөрөнгөө нууцалсан, эсэхтэй холбоотой мэдээлэл нийтийн анхаарлыг татаад байна. Эл мэдээллийг бэлтгэн цацсан гэх хүнийг хуулийн байгууллага шалгаж, шүүхийн шийдвэрээр 30 хоног хорьсон. Түүний араас сурвалжлагч эмэгтэйг баривчлав. Уг нь тэр анхдагч эх сурвалж, бэлтгэсэн хүн нь биш. Х платформд цацагдсан бичлэгийг сайтдаа нийтэлж, энэ тухай “эргэн сануулсан” л нэгэн. Гэтэл шүүхийн шийдвэргүй, өмгөөлөгч авах эрхээр хангалгүйгээр цагдан хорьсон нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна. Дээрх мэдээллийг цацсан зохион байгуулагчийг иргэд өмөөрөөгүй. Шалгах, тогтоох, яллах үйл явц нь хуулийн дагуу өрнөж буй. Түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар энэ сарын 14-нд суллаж, гадуур байцаахаар болжээ. Харин сурвалжлагчийн гэм бурууг шүүх тогтоогоогүй байхад шууд баривчлан хорьж, “төрийн хүч”-ийг үзүүлсэнд эмзэглэв.
“АРД ТҮМНЭЭСЭЭ НУУХ ЗҮЙЛ ҮГҮЙ”
Ерөнхийлөгчийн эд хөрөнгийн тухай мэдээлэл, бичлэг цахим орчинд өнгөрсөн оны есдүгээр сард анх цацагдсан аж. Түүнийг Бага тэнгэрийн аманд нисдэг тэрэг буух зогсоол бүхий хаус, Тэрэлжид тансаг зэрэглэлийн амралтын газар, хотын төвд “Андууд тауэр”, Зайсанд “Юнайтед молл” хэмээх үл хөдлөх хөрөнгөтэй тухай үүнд дурджээ. Тухайн үед нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас эл мэдээллийг няцааж, үнэн, зөвийг тогтоолгохоор хуулийн байгууллагад хандсан юм. Энэ оны гуравдугаар сараас эхлэн ТЕГ, хуулийн бусад байгууллагаас шалгалт хийж, үүний ард байгаа гэх хүмүүсийг яллагдагчаар татсанаар дээр бичсэн үйл явдал өрнөв.
Үүнтэй зэрэгцэн жил гаруйн өмнөх мэдээлэл нийгмийн сүлжээгээр дахин цацагджээ. Мөн мэдээллийн зарим сайт ч Төрийн тэргүүний нуусан гэх эд хөрөнгийн мөрөөр эрэн сурвалжилсан байна. Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогддог цорын ганц албан тушаалтан. Мөн ард түмэн, эх орныхоо төлөө чөмгөө дундартал зүтгэнэ, авлигажсан, олигархи бүлэглэлтэй тэмцэнэ хэмээн ухуулсаар ирсэн Төрийн тэргүүн нь иргэдээ “араар тавьсан” юм биш биз. Ийм болгоомжлол, хардлага иргэдэд ч, сэтгүүлчдэд төрөх нь, шалгаж нягтлах нь зүй ёсных. Эл мэдээлэл гармагц Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг залруулга хийсэн юм. Тэрбээр “Энэ бүх мэдээлэл худал. Бичлэгт үзүүлж буй үл хөдлөхүүд Ерөнхийлөгчтэй ямар ч холбоогүй. Бүгд хувь хүний эзэмшлийнх, та бүхэн эрэн сурвалжлаад нягтлаарай. Эдгээр мэдээлэл 2025 оны есдүгээр сард анх гарсны дараа бид хуулийн байгууллагад хандсан. Улмаар захиалга өгч, төлбөр төлсөн, гүйцэтгэсэн хүмүүсийг нь тогтоосон. Гүйцэтгэсэн хүн нь хотын дарга асан Х.Нямбаатарын хэвлэлийн албанд байсан, “Сэлбэ” дэд төвийн ТУЗ-ийн гишүүн Золзаяа гэдэг хүн. Тэр эдүгээ хилээр гарч оргон зайлсан, Хятад улсад амьдарч байгаа гэсэн мэдээлэл авсан. Жилийн өмнөх мэдээллийг яагаад дахин цацсан, ямар зорилготой байсныг ч бид шалгуулна” гэсэн юм. Мөн “Ерөнхийлөгч 2020 онд нэг байр авсан, цалингийн данснаас мөнгөө шилжүүлсэн баримт нь бий. Түүнд тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын газар байхгүй. “Илд хаан” хэмээх аялал жуулчлалын компанийн 58 хувийг Ерөнхийлөгч эзэмшдэг, энэ нь 10 гаруй дүнзэн байшин, мөн тооны гэртэй амралтын газар. Төрийн тэргүүн хуулийн дагуу хөрөнгө, орлогоо жил бүр мэдүүлдэг. Уг амралтын газрын тухай 2017 оноос хойш мэдүүлсэн. Түүнд ард түмнээсээ нуух зүйл байхгүй” гэсэн юм. Холбоод буй байшин, эд хөрөнгө нь бүгд Төрийн тэргүүнтэй огт хамааралгүй, хувь хүний нэр дээр байдаг, бусдын мэдээллийг шууд зарлах хориотой учраас эздээс нь асууж, нягтал гэв. Харин шалгуулахад бэлэн, эсэх тухай үг дурдсангүй.
Я.СОДБААТАР ХЭНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАВ
Эрх баригч намынхан дотроо талцсан, ямба мэдэл, албан тушаалын төлөө нэгнийхээ “но”-г харилцан дэлгэж, байсхийгээд л гэнэтийн бэлэг задалсаар удсан. Энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү чиглэж буй бололтой юм. Хотын дарга асан Х.Нямбаатар “Бага тэнгэрт барьж байгаа барилгуудын зөвшөөрлийг гарга гэж Я.Содбаатар намайг шахсан. “Миний эрх хүрээний асуудал биш, БОУАӨЯ-наас зөвшөөрөл олгох ёстой” гэхэд “Тэнд асуудлыг зохицуулсан” гээд надаар захирамж гаргуулсан. Монгол цэргийн холбооны 22 давхар барилгын зөвшөөрлийг ч бас намайг дарамталж шийдүүлсэн. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ажлаа хийх хэрэгтэй байна. Үгэнд орвол шагнал, үгүй бол шорон болжээ” хэмээн бичсэн юм. Х.Нямбаатар энэ талаар дуугарсан гэдэг нь МАН-ын бүлэглэлүүдийн “ажиллагаа” өрнөж буйн нэг баталгаа гэсэн үг. Тэдний харилцан илчилсэн яриа, баримтыг хуулийн байгууллага тухай бүрд нь шалгаж, мухарлаад, хариуцлага тооцоод явах учиртай. Гэвч шийдсэн хэрэг гэж алга.
Тэгвэл Бага тэнгэрийн аманд барьж буй нисдэг тэрэгний зогсоол бүхий тансаг хаусыг оруулсан нийт 62 га газар нь “Сод Монгол” группийн охин компани болох “Нью тур”-ийнх гэнэ. Эцсийн өмчлөгч нь Ц.Анандбазарын ээж З.Бямбаа гэдэг хүн юм байна. Энэ тухай “Еguur.mn” сайтад мэдээлжээ. “Нью тур” компани нь аялал жуулчлалын зориулалтаар 2006 онд 60 га газрын зөвшөөрөл авсан аж. Гэхдээ зөвшөөрөлгүй, өөр талбайд зарим хаус барьснаа 2026 онд хууль ёсных болгож зассан гэнэ. Тэгвэл эл тэлсэн газар барьсан байшингууд нь “Улаанбаатар” их дэлгүүрийн эзэн Г.Сүхээгийнх гэх мэдээллийг “Шилэн” хочит Б.Цогтгэрэл дурджээ.
Эндээс харвал Я.Содбаатарт ямар нэгэн эрх ашиг байсан учраас Ц.Анандбазарт газраа тэлэхэд нь тусалж, шахалт үзүүлэн Х.Нямбаатар гүйцэтгэсэн гэсэн үг. Тэр эрх ашиг нь Төрийн тэргүүний төлөө байсан уу, үгүй юү гэдгийг хуулийн байгууллага шалгах биз ээ.
ШОРОНЖСОН УЛС БОЛЧИХ ВИЙ
Тэгвэл энэ бүх явдал сурвалжлагч Т.Шинэбаяртай хэрхэн холбогдов. Тэрбээр Ерөнхий сайд Н.Учралын есдүгээр сарын сүүлчээр Японд хийсэн айлчлалын хэвлэлийн багт орж ажилласан юм. Улмаар тэндээс лайв хийж, Европын орнуудад Төрийн тэргүүний хийх айлчлалд би багтах ёстой хэмээсэн. Уг асуудлаар тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг тэргүүтэнтэй муудалцсан аж. Нэг сэтгүүлчийн хүслээр төрийн айлчлалын баг бүрэлдэхүүнийг сонгохгүй нь мэдээж. Тиймээс ийнхүү дураар аашилсанд нь мэргэжлийн салбарынхан бид ч таагүй хандсан. Мөн тодорхой асуудлаар шантааж хийсэн, ийм ёс зүйгүй зүйлтэй эвлэрэхгүй гэдгээ Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдсэн юм. Үүний дараа тэрбээр Төрийн тэргүүний талаарх дээрх бичлэгийг цахим хуудсаараа цацаж, энэ тухай лайв хийжээ. Бас шантааж хийсэн гэх асуудалд тайлбар өгч, өөрөө шалгуулъя гэсэн. Түүнд ёс зүйн асуудал бий нь үнэн. Мөн ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байхыг үгүйсгэхгүй. Хуулийн байгууллага үүнийг шалгаж, тогтоох нь зүй ёсны хэрэг. Гэвч шүүхийн шийдвэргүйгээр шууд баривчлан хорих замаар айлгах, дуу хоолойг нь хорих аргыг ардчилсан улсад зөвтгөх боломжгүй. Тиймээс ч Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гаргаж, түүнд өмгөөлөгч авсан байна. Эдүгээ Т.Шинэбаяр хуурай өлсгөлөн зарлаад хэд хонож буйг өмгөөлөгч нь мэдэгджээ. Түүнчлэн гол зохион байгуулсан хүнийг нь сулласан атлаа сэтгүүлчийг үргэлжлүүлэн хорьж буйг шүүмжилж байгаа юм.
Төрийн тэргүүний эрхийг хуулиар хамгаалдаг. Тэглээ гээд хууль бус асуудлыг нь ч хаацайлна гэсэн үг биш. Үнэхээр буруугүй бол Ерөнхийлөгч шалгуулаад, нэр төрөө цэвэрлэх нь зүй. Авлигатай тэмцэж, бүлэглэлийн буруу булхайг илчлэхийн төлөө ажиллана хэмээн Төрийн тэргүүн үргэлж мэдэгдэж ирсэн. Тиймээс одоо өөрөө ёс зүйн манлайлал үзүүлж, АТГ-т шалгуулчих. Тэдгээр үл хөдлөх өөрт тань хамаагүй гэдгийг баримтаар нотол. Бүгдээрээ манлайллыг ч, нэрээ цэвэрлэж, баримтаар нотлохыг ч дээрээсээ эхэлье. Үүний оронд юунаас айж, Ерөнхийлөгчийн эрх мэдлээр далайлган, иргэнийг баривчлан хорихыг урьтал болгоно вэ. Ерөнхий сайд асан С.Баяр энэ талаар “Шоронгийн бүгд найрамдах улс болж гүйцлээ. Хүний аминд хүрсэн, эсвэл эрүүгийн давтан хэрэгтэн л биш бол шоронд хийж яах юм бэ” гэжээ. Хууль, шүүхийн байгууллагад нэг сар цагдан хорьж бусдыг залхаан цээрлүүлэх, “эрүүдэх” соёл тогтлоо гэх мэтээр иргэд ч нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлсээр байна. Хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой.