Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын Казань хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын ерөнхий прокуроруудын чуулганд ажиглагчийн статустайгаар оролцлоо.
Энэ удаагийн чуулганыг “Гэр бүлийн уламжлалт үнэт зүйлсийг хамгаалах, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах” сэдвийн дор зохион байгуулжээ. Чуулганд ОХУ, БНХАУ, Азербайжан, Беларусь, Казахстан, Катар, Киргиз, Кувейт, Лаос, Мальдив, Тажикистан, Узбекистан, Иран, Пакистан, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Энэтхэг, Шри Ланка, Афганистан, Турк зэрэг 20 гаруй улсын ерөнхий прокурор болон бусад албан тушаалтан оролцсон байна. Энэ үеэр тэд прокурорын байгууллагууд хооронд харилцан мэдээлэл, туршлага солилцох, тэр дундаа интернэт орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад улс орон бүр хүчин чармайлт гаргаж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон аж. Чуулганы үеэр улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын ерөнхий прокурор А.В.Гуцан, Казахстаны ерөнхий прокурор Б.Н.Асылов нартай хоёр талын уулзалт хийв. ШХАБ-ын гишүүн орнуудын ерөнхий прокуроруудын дараагийн чуулганыг Узбекистан улсад зохион байгуулахаар тогтжээ.
Г.Орчлон