Гаалийн улсын байцаагч нар өнгөрсөн хавар Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын мөрдөгчдөд олноороо баригдаж, эрүүгийн хэрэгт шалгуулж, өдгөө заримыг нь шүүх гэм буруутайг нь тогтоож ял шийтгэл оноогоод буй билээ. Тэгвэл тэдэнд хахууль удаа дараа өгч, олноороо ялтан болох үндсийг нь тавьсан “Марин нью пост” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тус компанийн удирдлага болон өмнөөс нь бүрдүүлэлтийг нь хийдэг гаалийн зуучлагч гэх хүмүүсийн өгсөн 500 мянгаас 50 сая төгрөгийн хахууль авсан Улаанбаатар хотын Гаалийн газрын 5-6 байцаагчаас зарим нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэн нэг жил хүртэлх хугацаагаар хоригдож буй юм. Тэгвэл “Марин нью пост” ХХК-ийн захирал Х.Туяа, эрх бүхий албан тушаалтан Х.Бат-Амар, гаалийн зуучлагч Г.Дэлгэрмаа, Б.Эрдэнэчимэг нарт Эрүүгийн хуулийн 22.5-ын “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэх заалтын дагуу яллагдагчаар татаад буй юм.
Мөн Гаалийн ерөнхий газрын Хяналт,хорио цээрийн газрын гаалийн улсын байцаагч Б.Ням-Осор “Марин нью пост” ХХК- ийн захирал Х.Туяагаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд “22 авто худалдааны төв”-ийн ойролцоо 50 сая төгрөгийн хахууль авч байх үйлдэл дээрээ АТГ-ынханд саатуулагдсан билээ. Тэрбээр уг аж ахуйн нэгжийн хүнд даацын автомашиныг гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч гэх бүртгэлд оруулсныхаа хариуд дээрх хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон байна.