Хуульч О.Батхүү гараашны нэг хувийн албан татварыг хүчингүй болгох өргөдөл санаачилжээ. Уг цахим өргөдөлд өчигдрийн байдлаар 27 500 орчим хүн гарын үсэг зурсан байна. Өргөдлийг дэмжиж буй иргэд e-zasag.mn цахим хуудсаар дамжуулан гарын үсгээ зурах боломжтой юм.
Тэрбээр “Улаанбаатар хотод хоёр орон сууцтай хүн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлдөггүй. Гэтэл ганц гарааштай бол үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөх хуультай. Гарааш бол бизнес эрхэлж, ашиг олох зорилготой хөрөнгө биш. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай хотод энэ нь тансаг хэрэглээ гэхээсээ илүү автомашинаа хадгалж, хамгаалах зориулалттай дэд бүтэц юм. Түүнчлэн гарааштай байх нь авто замын түгжрэлийг бууруулахад ч эерэг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, автомашинаа гудамж, орц гарц, явган хүний зам болон нийтийн эзэмшлийн талбайд байрлуулахын оронд зориулалтын гараашинд тавих боломж бүрдэнэ. Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулах санал гаргаж байна” гэжээ.
Э.Сүйлэн