- Херо Баатарын тухай гурван бүлэг дурсамж, хөрөг нийтлэл -
Г.Золжаргал (Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч)
I БҮЛЭГ
АРВАЙХЭЭРИЙН ЦЭНХЭР ХАВАР
Нэгэн уран бүтээлчийг анх харсан өдөр
БРОДВЕЙ ХҮРЭХ ЗАМД
....1990-ээд оны Арвайхээрийн таван давхар халцарсан байранд очиж уулзсанаас хойш олон жил өнгөрчээ. Гэхдээ бичиж байгаа залуу маань амьдралын замын энхэл доголд бүдэрч унасангүй гайхалтай давхижээ. Тэр урлагийн бүх төрөл жанраар давхиж, үзэгч түмний зүрх сэтгэлийг эзэмджээ. Хэвлэлүүд хэн хүнийг сүнсийг нь зайлтал муулж, бурхан болтол хөөрөгддөг. Би энэ хүний улс төрд орооцолдсон гэх зам мөр дээр таарч байсангүй. Дандаа урлагийн замд нь хөндөлсөж учирдаг байв. Удахгүй түүнийг Бродвей хүлээж авна гэсэн мэдээ дуулсан юм. Америкийн найруулагч, үзэгчид тосч уулзах нь.
Онгод урмын моринд мордсон монгол хүү урлагийн бүх замаар яаж довтолгосныг нь мэдэг гэж америкуудад зориулж үүнийг бичлээ.
Нью-Йоркийн Бродвейд ховор билет захиалж хоёр гурван удаа жүжиг үзэж л явлаа. Ерээд онд л доо.
Монгол хүү Америкчуудыг алмайруулаасай. Миний бичвэрт улс төр, нийгмийн ямар ч асуудал байхгүй. Тэр урлагийн хүн. Би урлагийн хүн. Урлагаар дамжуулж бид хоёр их юм ойлгож өдий хүрсэн. Монгол хүний нандин ур ухаан гэж бий. Галзуу солиотой юм шиг хэн хүн рүү дайрч довтолцгоохоо түр хүлээ дээ.
Эхлэл. Арвайхээрийн цэнхэр хавар
...1994 он. Манай сурвалжлах багийн ГАЗ-69 машин хотоос эртэлж гарсан боловч Өвөрхангай аймагт хүрэх яагаа ч үгүй давхиж явна. Машинд редактор, найруулагч зураглаач техникч зэрэг дөрвөн уран бүтээлч яваа. Оросын Газ-469 тэр үед дунд зэргийн жийп машин байлаа. Энэ машин хөдөөгийн шороотой бартаат замыг сайн туулна. Гэм нь кабинд халуун агаараар үлээдэггүй тул өвөл, хаврын цагт дотроо хүйтэн. Өвөрхангай бол Улаанбаатар хотоос баруун урагшаа 400-гаад км, төвийн бүсэд харьяалагдах өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй аймаг.
1980-1990 ээд онд Өвөрхангай хүртэл засмал зам тавигдаагүй байсан цаг. Өдөржин энхэл донхолтой шороон замаар сэгсчүүлж, шавар шавхайд сууж мэдэх учир замын бартаа тойрч сэгсчүүлсээр бараг арваад цаг давхиж аймгийн төвийн бараа хардаг байсан.
1994 оны өвөл их цас орсон ч зуд турхан гэж айлгасангүйгээр хавартай золгуулав. Арвайхээр хотод шөнө очлоо. Оройтож очсон болохоор сайн ундалж хооллоод эртхэн хажуулцгаав. Өглөө босоход бие хөнгөн, толгой сэргэлэн. Хөдөө гадаа явахад эрүүл агаар салхинд цохиулж нүнжигтэй хоол унд идэхээр дорхноо гүн нойр авдаг учир өглөө босоход толгой сэргэг. Энд Улаанбаатарыг бодвол чимээ шуугиан бага, сэтгэл зовох юмгүй. Биднийг очихын өмнөх өдөр Арвайхээрт цасаар шуурчээ. Очсон шөнө ч цас бударч хоносон. Өвөл шиг их цас унасан байв. Бас ч үгүй явган шуурга тавих маягтай салхилна. Бага үдийн алдад тэнгэр зүүнээсээ онгойж нар гарав. Бид тэнгэр онгойсон дээр ойрын хэдэн сумууд руу яаран хөдөллөө. Замд гарахад тэнгэр дахиж муудсангүй. Гуу жалганд хунгарласан цас туулах л амаргүй. Манай жолооч хөдөөгийн замд ажрахгүй давхидаг хашир хүн тулдаа замд суусангүй. Бид залуучуудын байгууллагын дарга нартай уулзаж, айлуудаар орж залуустай ярилцаж, 3-4 сумаар орлоо. Аятайхан сурвалжилга хийж нэлээд яриа авсан учир буцаж аймаг руугаа хөдөллөө. Тэнд төлөвлөсөн ажил хүлээж байгаа. Хөдөөнөөс ирмэгц аймгийн төвд саатсан нь. Арвайхээр хотын байдлыг ерөнхий зураглах учиртай. Бас нэг хоёр хүнтэй уулзана. Тиймээс эрт буцаж ирсэн нь энэ. Аймагт орсон цас хоёр гурав хоногт хайлаад гуу жалгаар шавартай ус шорчигнотол урсаж гудамж талбай нойтон шавар шавхайтай болжээ, үе үе жихүүн салхи үлээнэ. Дөнгөж дөрөвдүгээр сар гарсан болохоор урин хаврын тухай бодох эрт байлаа.
Цэлмэг тэнгэрт нар ээлтэйхэн голложээ. Өнөө маргаашдаа дахиж цасаар шуурахгүй биз гэж малчин өвгөн хэлж байсан. Хөдөө гарахын өмнө аймгийн залуучуудын холбооны даргатай уулзаж, буцаж ирээд чухам ямар зураг авахаа тохирч гарсан учир аймагт ирээд эхний айлаа зорив.
Хувцсаа нимгэлж, юмаа эмхэлж цайлчхаад эхний сурвалжилгадаа гарав. Аймгийн төв жижиг, машинаар явах шаардлагагүй. Бид салхинд явъя гэж камераа үүрч, хотын урд зүгийг чиглэн алхав. Зөрж өнгөрөх хүмүүс өвлийн хувцастай хэдий ч өдөр тийш нар ээсэн тул хувцасныхаа товчийг мулталж, энгэрээ задгайлан аажуу тайван алхана. Тэр үеийн аймгийн төв дөч тавиад мянган оршин суугч байсан болов уу. Өмсөж зүүх эдэлж хэрэглэх нь нийслэл хотоос ялгарах юмгүй ээ. Сум, багаас ажил төрөл хөөцөлдөж ирсэн малчид л морь унаж дээлтэйгээ яваа харагддаг.
Хөдөөгийн охид хүүхдүүдийн эрүүл булцгар царай жихүүн салхинд ягаараад, юм асуухад цав цагаан шүд гарган ичингүйрэн инээлдэнэ.
Зорьж яваа айлынхаа байрыг төвөггүй олж ирлээ. Тэднийх хот газрын таван давхар орон сууцанд суух аж. Тэр үед аймгийн төвд олон давхар байшин баригдаагүй байсан учир алхдаг шатаар техник, тоног төхөөрөмжөө үүрч өгсөв. Залуу улс инээж хөхрөлдөж явах тул хэсэг зуур шатаар өгсөхөд юуны түүртэх билээ.
Би аймгийн төвийн дунд сургуулийн долоодугаар ангийн сурагч Баатарыг зорьж явна. Өмнө нь аймгийн төвд уулзсан багшаас, энд сүрхий зурдаг хүү бий, олж уулзаад сурвалжилга хийхэд илүүдэхгүй гэсний дагуу явж байна. Би яагаад ч юм тэр багшийн харцнаас заавал уулзах хэрэгтэй юм шүү гэж хэлж байхыг олж харсан. Тэгээд зөн совиндоо хөтлөгдөж, аймагт ирсэн эхний өдрөө Баатарыг зорьж ирсэн нь энэ. Эрлийг сургаар гэдэг дээ. Бас даахин дор хүлэг, дахан дор баатар гэсэн үг ч бий. Ямартай ч зорьсон айлаа төвөггүй олж очоод хаалгыг нь тогшлоо.
Зорьсон айлдаа ороход тухтай дулаан орчин угтлаа. Вааран гэрийн бялзуухай, шавар гэрийн тагтаа гэж эртний үг бий. Энэ нь цомхон ч ая тухтай гэр орон гэсэн утгатай үг. Ээжтэйгээ хоёул суудаг бололтой. Өөр хүн амьтан харагдсангүй. Тэгэхээр энэ гэрийн эр хүн Баатар нь юм байна гэж бодов. Амьдрал хүнийг их бага гэж голохгүйгээр юм юманд сургадаг учир багаасаа хэрсүүд сурсан байх нь ээ гэж өөртөө түрүүлж дүгнэлт хийв. Илүү дутуугүй цомхон л суудаг айл аж. 1990-ээд оны эхэн үеийн айлууд тавилга хогшлоор нэг их баярхахгүй л дээ. Гал тогооны өрөөнд аяга шанаганы шүүгээ, хоолны ширээ, зочны өрөөнд гял цал хийсэн тавилга үгүй, таримал цэцэг, ор, сандал ширээ зэрэг хүний хэрэгцээний л эд хогшил байсан. Зах зээлийн харилцааны нийгэмд шилжиж ороод хэдхэн жил болж байгаа улс орон, айл өрх төдийлөн дэвжиж амжаагүй монгол хүн, монгол айлууд ерөнхий нэг дүр зурагтай байсан цаг аа. Яагаад ингэж хэлэв гэвэл сурвалжлагч сэтгүүлчийн ажлаар хол ойр явахдаа олон айл, албан газраар орсон, түмэн хүнтэй уулзахад бүгд ойролцоодуу л амьдралтай байж.
Ямартаа ч гадуур хувцсаа тайлж гутлаа арчаад орлоо. Үүрч дүүрч очсон зураг авах техникээ хүүгийн жижгэвтэр өрөөнд орууллаа.
Энэ бол Б.Баатар бид хоёрын анхны уулзалт. Арван дөрөв, таван настай, зургаа долоодугаар ангийнх болов уу гэмээр хүү угтсан.
Хөдөөгүүр явахад хүмүүс бидний авч яваа техник рүү хамгийн түрүүнд хардаг. Яагаад гэвэл тэдний хувьд бид чинь сансар огторгуйгаас ирсэн хүн шиг сонин содон байна биз дээ. Зарим маань хот газрын дажгүй дэгжин куртик, малгайтай яваа.
Баатар үг дуу цөөтэй томоотой жаал бололтой. Асуулт асуухад тэрүүхэндээ толгой дохино. Өрөө нь зураачийн урлан аятай цаасанд дарагдсан, бодвол хичээл тарж ирээд хийж байгаа юмаа үргэлжлүүлэн суугаа бололтой. Нээрэн үг дуу цөөтэй хүү сангадав.
-Алив зурсан зургуудаа үзүүл дээ гээд дөхөж ойртов.
Аймгийн төвд Залуучуудын холбооны ажилтнуудтай уулзаж явахад нэг нь:
-Манай энд өөрийнх нь бичсэн гарын үсгийг янз бүрийн амьтны дүрс болгож зурдаг хүү байдаг юм олж уулзаарай гэснийг санав.
Их зураг зурдаг гарын дүйтэй хүүхэд гэсэн болохоор нь олон арван жилийн өмнө Улаанбаатар хотод Зөвлөлтийн мэргэжилтний охин Надя Рушева гэж онцгой авьяастай охин зурдаг байсныг санаж Баатараас зурсан бүтээлүүдээ алив гэж ахиулан асуув.
Надя Рушева арван гурав дөрвөн настайдаа эх орондоо буцсан. Тэр үед охины тухай хэвлэлээр их шуугиж байжээ.
Баатар ширээний шургуулганаас дэвтэр гаргаж олон зураг үзүүллээ. Гар зураг олонтой юм. Гарын дүйтэй хүү юм аа. Ер нь зурах дуртай хүүхдүүд бол өдий насанд ангийнхнаасаа ялгардаг. Өөрийн дураар есөн шидийн юм зурна. Зураг зурах гэрийн даалгавар хийх хоёрын зурах нь давамгайлна. Зурдаг, сийлбэр хийдэг хүүхэд нэг улайрч хорхойсвол гадаа тоглохоо мэдэхгүй сууна. Баатар хичээл тармагц гэртээ ирж харандаа цаас нийлүүлэн суучихдаг хүүхэд бололтой. Баатарын зургийг баахан үзлээ. Үлгэрийн баатруудыг хуяг дуулгатай илд бамбай агсаж байгаагаар зуржээ. Хөдөлгөөний донж, баатруудын зан байдал, эрэлхэг шинжийг харандаа, үзэгний нарийн зураасаар сүрхий гаргажээ. Киноны найруулагч зураачийн экспликаци шиг л санагдав. Киноны зураач “сценариа” уншаад өөрийн төсөөлсөнөөр зурдаг. Тийм кино найруулагч олон. Тэр санаанд орлоо. Ямар нэг ном зохиол, эсвэл үзсэн киноны баатруудыг зурж суусаар зураач болсон хүүхэд байдаг.
Би ерээд оны эхээр нэрт дуучин, жүжиг киноны найруулагч Б.Бадруугантай телевизийн нэг өрөөнд хамт сууж, редактор найруулагчийн хувиар хамт ажилласан. Бадрууган зураач биш, театр киноны мэргэжлийн найруулагч. Бадрууган бас зурна аа. Үзэг харандаа юу тааралдсанаараа дэвтэр дээр сараачиж суудаг хүн. Ууган нэвтрүүлгээс гадна жүжиг уран сайхны кино найруулах бодолтой. Өөдөөс хараад ярьж суухдаа тэмдэглэлийн дэвтэртээ ямар нэг юм зурж сууна.
-Би удахгүй Дожоодорж гуайн “Шаазан бөмбөлөг” зохиолоор олон ангит кино хийнэ гэж ярина.
Баатарын зургууд ямар нэг хүүхэлдэйн киноны дүр шиг санагдав. Ярианаас нь хоёр гурван жилийн дараа аравдугаар ангиа төгсөнө. Тэгээд зургийн сургуульд орж магадгүй, тийм сонирхолтой гэх маягийн хэлж байв.
Манай телевизэд гарын дүйтэй зураг муугүй зурдаг найруулагч хэд хэд байсан юм. Тэд уншсан зохиолоос юу ойлгосноо өөрөө төсөөлж, зурж, яаж зураглахаа бодно. Бас нэвтрүүлэгт орох зочноо өөрөө төсөөлж зурна. Тэгэхээр надад найруулагч гарын дүйтэй хүмүүс байх учиртай юм гэдэг ойлголт байсан. Баатар хүүгийн зургуудыг харахад тэр санаанд оров. Юунд зориулж зурсныг нь асуухад шингэн халимгаа илж инээмсэглэнэ, ганц хоёр үг хэлнэ. Хөдөө өссөн хүүхэд ичимхий болохоор би нэг их улайтал нь байцааж асуугаагүй ээ.
Сургуулийн сурагчийн чөлөөт цагийн тухай өгүүлж “теле сэтгүүл”-дээ оруулах аятайхан “материалтай” болчихлоо гэж олзуурхан бодсон.
-Чи хүний гарын үсгийг өөрийнх нь төрсөн жилийн амьтан болгож зурдаг гэсэн яаж тэр вэ, авьяасаа үзүүлээч, зургийг нь авъя.
-Та ямар жилтэй вэ?
-Би гахай жилтэй...?
-Таны гарын үсгийг гахай болгож болно. Тэгэхдээ эвгүй юм аа, ахаа би бар болгоод зурчих уу?
-Тэг тэг, бид зураг авах камераа бэлдэе гэхэд За гээд орон дээрхи ундуй сундуй цаас, харандаагаа эмхлэв.
Тэр үед би сард гурван нэвтрүүлэг бэлтгэдэг байлаа. Залуучуудад зориулсан “Нэвтрэх шугам”, Хөдөөгийн залууст зориулсан сурвалжилга, “Үдшийн хэмнэл” гэсэн теле сэтгүүл байсан. Энэ нь програмын хэлтэст 10 хоноод л нэг нэвтрүүлэг өгнө гэсэн үг. Амсхийх завгүй ажилладаг үе байжээ. За эргээд Баатар луугаа оръё.
Чихэртэй байхуу цай уунгаа хичээл сурлага, сонирхдог хобби, ангийнх нь дотно найзуудын тухай ярилцав. Баатар багаасаа зурж эхэлсэн аж. Зураг зурахыг мэргэжлийн багшаар заалгаагүй юм байна. Харин хүн амьтан, эд юмсын хэлбэр дүрсийн харьцаа хөдөлгөөнийг сүрхий гаргаж өгчээ.
Би тэмдэглэлийнхээ дэвтэрийн нүүрэнд Г.Золжаргал гэж гарын үсгээ зуртал их бодож төвдсөнгүй тэр дор нь гэтэж байгаа бар болгож орхив. Зургаа зурж дууссаны нь дараа би телевизийн тухай Телекино үйлдвэр гэж газар хүүхэлдэйн кино хийдэг, тэнд олон сайхан зураач залуучууд сууж хүүхэлдэйн киноны зураг зурдаг тухай ярилаа. Их анхааралтай сонсоно. 1980-1990-ээд онд Үндэсний телевизийн харьяа “Телекино үйлдвэрийн уран бүтээлийн хувьд оргил үе байжээ. Тэдний мультпликатруудын хүүхэлдэйн киноны зураачдын зурсан “Эрх цагаан ишиг”, “Барын зулзага бамбар”, “Шаазан заан”, “Тус”, “Арслан өвгөн хоёр” зэрэг хүүхэлдэйн кинонууд үзэгч хүүхдүүдийн дуртай бүтээл болсон байлаа. Бид хоёр хүүхэлдэйн киноны зургийг яаж амь оруулан хөдөлгөдөг тухай ярилцав. Телекино үйлдвэрийн зураачид биет хүүхэлдэй хийж хөдөлгөн зураг авдгийг тайлбарлав. Их л анхааралтай сонсоно.
Баатарын гэрт авсан сурвалжилгын зураг дууслаа. Орой болжээ. Зураг дуусгаад:
-За, миний дүү чи одоо дөнгөж долдугаар анги. Наймдугаар ангиа сайн төгсөөд ес, аравдугаар ангид ор. Сургуулиа төгсөөд хот орж над дээр ир. Би чамайг хүүхэлдэйн киноны зураач эгч ах нартай танилцуулъя. Тэндээс яах учир нь олдоно. Магадгүй телевизэд нэг хоёр жил ажлаад Бүх Холбоотын Киноны дээд сургуульд явах хуваарь авах ч юм бил үү. Чи ерөөсөө хүүхэлдэйн киноны зураач болох хүү байна. Уг нь чамайг киноны зураач болгохыг л хүсч байна. Өөрөөр чиний ирээдүйг харахгүй байна гэж амжилт хүсээд гарсан юм. Нар эрт жаргаж хэдийнэ гудамжны гэрэл асжээ. Бид дөрөв шууд зочид буудал руу алхав.
II БҮЛЭГ
БҮТЭЭЛИЙН ГАЛ ДУНД
Телевизийн их өөрчлөлтийн он жилүүд, “Боролдой”-гоос уран бүтээлчийн зам руу
ТЭР ЖИЛҮҮД ЯАЖ ЭХЛЭВ
(Телевизэд өнгөрүүлсэн он жил, анд нөхдөө дурсаж гялс тэрлэв)
...1996 онд телевизийн хувьд олон сонин үйл явдал болов. “Ардын эрх” сонинд олон жил хариуцлагатай ажил хийсэн, нэртэй сэтгүүлч Ө.Энхтүвшин гуай Радио Телевизийн Улсын Хорооны даргаар ирлээ. Телевиз радиогийн том байр халаалт муу ёстой мөсний хонгил, болсныг Ө.Энхтүвшин дарга ажил авсан өдрөөсөө хөөцөлдөж тэр том байрыг сүрхий халаалттай болгож билээ. Хэдэн жил яриад хийгээгүй ажлыг дор нь бүтээж чаддаг хүн байжээ. Манайх байж суухын аргагүй дулаахан болсон. Сэтгэл зүтгэл байхад бүтэхгүй ажил гэж үгүй биз ээ. Радиогийн даргаар Б.Пүрэвдаш, Телевизийн даргаар Т.Сарантуяа гэж хүмүүс ирлээ. Телевизэд зар сурталчилгааны мэдээ уншдаг 10 минутын бие даасан нэвтрүүлэг явдаг байлаа.
Манай харьяанд байсан Телекино үйлдвэр үйл ажиллагаа нь зогсож тэр байранд “Улаанбаатар телевиз” орсон (1992 онд). Телекино үйлдвэрт хүүхэлдэй кино хийдэг байхад бараг 20 гаруй хүнтэй том цех ажиллаж байсан юм. Байгууллага нь татан буугдахад уран бүтээлчдийн олонх нь бууриа сахин үлдэж, видео, кино уран бүтээлд орсон байв. Учир нь тэр жил дэлхийд алдартай Сони-Sony пүүсийн телевизийн техникийн үзэсгэлэн Телекино үйлдвэрийн II студид нээгдэж дуулиантай үйл явдал болж билээ. Үзэсгэлэн хаагдахад Японы тал тэнд тавьсан техникүүдээ “орхиод” буцжээ.
Хэсэг хүн маш овсгоотой хөдөлж уран бүтээлийн “Өлзий” пүүс байгуулсан юм. Хэсэгтээ Сони-Ветакам камераар авсан видео баримтат кинонууд гарсан. “Өлзий” пүүс жил гаруй ажиллаж, арваад баримтат кино хийгээд санхүү эдийн засгийн хувьд явцгүй болж татан буугдав. Үүнийг яагаад дурсав гэвэл Телекино үйлдвэрийн мэргэжлийн зориулалттай байрыг хотын захиргаа авч “Улаанбаатар” буюу өнөөгийн UBS телевиз байгуулагдсан. Телекино үйлдвэрийн байрыг манай байгууллага өөрөө хотын захиргаанд шинэ байрны нэг орцоор “тулсан” л гэж дээр доргүй ярьж байв. Тэр яриа тэгэсгээд замхрав. Тэгэхэд “Өлзий” пүүсээс үлдсэн “Сони”- Бетакам техник UBS телевийн техник тоног төхөөрөмжийн үндсэн суурь болж билээ. Тэдний нэвтрүүлгүүд жигтэй сайхан, өнгө зүс гэж ванлий, нүд сэтгэл баясгаж байв. Хөгжмийн зохиолч Л.Балхжав (Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн) захирлаар нь очсон бөгөөд Л.Балхжавыг дагаж олон уран бүтээлч тэднийд шигсэн. Ер нь шинэ захирал нь уран бүтээлээ өнгө зүстэй хүчтэй эхлүүлье гэж бодоо биз дээ. Бас өөр нэг шалтгаан нь тэдний техник тоног төхөөрөмж нь Японы Сони-Бетакам учир юм хийе гэсэн залуус тийш хошуураа биз дээ. Тэд нэг их удалгүй рок поп дууны клип, уран сайхны кино, энтертейнмент программ хийж эхэлсэн. Үзэгчид ч тийшээ хошуурч зурагт үзнэ. Бетакам техникийн өнгө дүрс солонгын долоон өнгө өө. Удалгүй Д.Балхжавын өөрөө найруулсан “Шувууд буцах намар” кино гарч дууг дуулсан Б.Сарантуяагийн (Ардын жүжигчин) дуу дороо хит болж байж билээ.
Телекино үйлдвэрийн найруулагч С.Мягмар богино хугацаанд овсгоотой хөдөлж хүүхэлдэйн кино зар сурталчилгааны “Боролдой” нэртэй студийг байгуулав.
Тэдний ажил Монгол телевизийн дүрсгүй цагаан зарын хажууд реклам шиг реклам байлаа. Бас л олны анхаарлыг татав. Энэ бол Монголын реклам зар сурталчилгааны уран сайны видео үйлдвэрлэлийн хувьд хувьсгал болсон үйл явдал. С.Мягмарыг загалмайлсан эцэг нь ч гэж хэлж болно. Тэдний студи авьяастай залуусаар эгнээгээ бэхжүүлжээ. “Боролдой” студи авьяаслаг залуучуудынхаа хүчээр манай хорооны шинэ дарга С.Мөнхтөрийн санаачилсан урлагийн дээд шагнал олгох “Гоо марал” анхны шоу үдшийг гайхалтай сайн зохион байгуулсан. 1992-1996 он телевизийн түүхэнд онцгой жил болж билээ.
Мөн зэрэгцээд Үндэсний телевизийн техник тоног төхөөрөмж муудаж санхүүгийн асуудал хүндэрсэн байв. Ерөнхий захирлаар ирсэн С.Мөнхтөрийн тушаал гарч ерөнхий редакцуудыг татан буулгаж тамга тэмдэгтэй, бие даасан 33 студийг байгуулж эхлэв. Тэгэхэд телевизийн уран бүтээл болоод дотоод амьдрал хөл толгой нь мэдэгдэхгүй буцалж байв. Ёстой хөгжилтэй юм болсон, Ц.Мөнхтөр даргын тушаал гарч бие даасан студиуд захиалгат нэвтрүүлгээс олсон орлогоос өөрсдийгөө цалинжуулж эхлэв. Жижиг видео камер, гарын дор техник төхөөрөмжийг өөрсдөө худалдан авч ажлаа явуулна. Хорооны санхүүгийн хүндэрсэн асуудлыг түр хугацаанд ингэж хөнгөвчилсөн. Миний санахаас “Ханлиг”, “Хар энтертайнмент”, “Үдшийн хэмнэл”, “Титэм”, “Цэнхэр гараг”, “Боролдой студи” зэрэг тамга тэмдэгтэй 33 студи ид бужигнуулж байсан даа.
Товчхондоо 1992-1996 оны МҮОНТВ цензураас салж, уран бүтээлчид нь шинэ санаагаа чөлөөтэй гаргаж, нэвтрүүлэг кино хийж эхэлсэн он жилүүд байсан юм. Энэ үед “Титэм” студиэс эрхэлж, дэлхийн телевизүүдийн брэнд хөтөлбөрийн монгол хуулбар “Агшин” нэвтрүүлгийг гаргав. (Дарга нь Д.Наранцэцэг)
Үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон нэвтрүүлэг төрсөөн. Жишээлбэл, Д.Норов (Төрийн шагналт) зохиолчийн бичсэн “Эцсийн тушаал” кино жүжиг гарсан байх аа, санаж байгаа биз дээ?
Зар сурталчилгаа бүтээх болсон “Боролдой студи”-ийн бүтээл рекламын зохиомжийг шинэ түвшинд гаргаж ирсэн гэж дээр хэлсэн. Харин манай Үндэсний телевиз хөдөөгийн залуусын асуудлыг бодлогоор барьж авав. Бид эх орны дөрвөн зүг найман зовист явж зах зээлийн нийгмийн эхний хүндрэл хөдөөгийн малчид залууст хэрхэн тусч байгааг үзүүлэх зорилготой хөдөлсөн. Дорнодын уудам талаас Алтай сүрлэг уул хүртэл олон удаа эх орноо хөндлөн гулд туулж билээ. Тэрний нэг нь Өвөрхангай байж таараад тэндээс ирээдүйн гайхалтай уран бүтээлч зураач Херо Баатартай уулзсан байв. Херо Баатар тэгэхэд дөнгөж долоодугаар ангийн сурагч байж билээ.
Шинэ он гарахын өмнө “Гоо марал” нэртэй урлагийн дээд шагнал гардуулах ёслол сүр дуулиантай зохиогдсон тухай цухас дурдсан. Энэ нь манай Улсын театр, кино урлаг, телевиз, дүрслэх урлаг, ардын болон сонгодог дуу дуулаач, бүжигчин зэрэг шилдэг уран бүтээлчдийг тодруулах хүндэтгэлийн онцгой ёслол байв. “Гоо марал” шагналын цом нь өөрөө урлагийн бүтээл байжээ. Цахилан дүүлэх согоо шиг дээш тэмүүлсэн бүсгүйн биеийн галбираар хийсэн бүтээлийг “Боролдой” студийн зураач Ж.Мөнхбат урласан. Ёслолын ажиллагааг Үндэсний телевизийн “Цагийн хурд” болон оройн мэдээгээр эх орон даяар сүртэй мэдээлж байв. Сонин хэвлэлийн сурвалжлагчид Улаанбаатарт “Оскар”-ын шагнал гардуулах ёслол боллоо гэцгээж байсан. Ц.Мөнхтөр захирлын санаачилсан зүйлийг найруулагч С.Мягмар дэмжин, Ж.Буд-Эрдэнэ зэрэг авьяаслаг залуучууд бүтээлчээр хэрэгжүүлсэн юм.
Уран бүтээлийн “Боролдой” студи уран бүтээлээрээ ч хийсэн ажлаараа ч мандаж байлаа.
Херо Баатарын тухай ярихад түүний уран бүтээлийн гараа хаанаас яаж эхэлснийг мэдээж дурдана, гэхдээ Баатар телевиз, кино, театрын урлагт дараалан амжилт гаргаж Монголын дэлгэц, театрын урлагт үнэхээр шууд гоцолж чадсаныг зөвхөн хөдөөнөөс нээх авьяастай хүүхэд ирж, шууд “алаад” өгсөн гэж хэлэхгүй. Угаас төрөлхийн авьяастай хүүхэд ирж ахмад уран бүтээлчдийн дэргэд ажиллан, үг сонсож бие даан уран бүтээлч болж өссөн болов уу? Дүрслэх урлагийн дунд сургуульд хөдөлгөөнт хүүхэлдэйн киноны ангид гурван жил сурч С.Мягмарынд, дараа нь “Жи-энтертайнмент” продакшны хашир туршлагатай уран бүтээлчдийн дунд орж, уйгагүй няхуур хөдөлмөрөөрөө л өөрийгөө бүтээсэн гэж хэлье. Ер нь ч тэгээд “Боролдой” студийн захирал С.Мягмар Дүрслэхийн “мультийн” зураачийн анги төгссөн их авьяастай хүүхдийг дуун дээр авна биз дээ. С.Мягмарыг Херо Баатарын уран бүтээлийн эцэг гэж боддог. Түүний эхний уран бүтээл тэдний студиэс төрсөн.
Тэнд байхдаа реклам видео клипүүд хийж эхэлсэн. Яагаад гэвэл “Боролдой” студид орсон даруйд дүрстэй рекламын үг үсэг бичих, тайз засалт, зохиомжит клипны өрөлт зэрэгт оролцож эхэлсэн нь уран бүтээлч болох их хүслийг нь өрджээ. Телевизийн нэвтрүүлэг бэлтгэх ажлын “А” үсэгт суралцсан гэж боддог. Хөдөлдөг, хөдөлдөггүй субтитр бичнэ гэдэг тэр үедээ их ажил. Монтажийн дараа өнгө засаж тавина, эцэст нь дуу оруулна. Шинээр эхлүүлэх ажлын эскиз гаргана. Ер нь л толгой өндийхгүй ажилд баригдаж өөрийгөө хөгжүүлжээ. Найруулагч зураач С.Мягмарын “Боролдой” студи МҮОНТВ-ийн (Радио Телевизийн Улсын хорооны) IV давхарт төвхнөж байсан.
Улаанбаатар телевиз маань удалгүй UBS нэртэй боллоо. Тэдний нэвтрүүлгийн ихэнх нь дуу хөгжим энтертайнмент программ. Үзэгчид нэг хэсэг тэдний хөгжмийн нэвтрүүлгийг хүлээж үздэг болов. Дуучдын шинэ дууны клипийг тэдний эфирээс л үзнэ. Телевизийн уран бүтээлд дууны видео клип хүчтэй түрэн орж ирсэн цаг. Хэрвээ загалмайлсан эцэг гэж ярьдаг юм бол рок поп дуучдын видео клипийн эхлэлийг тавьсан уран бүтээлчийг би хувьдаа С.Ононбат (Урлагийн гавьяат зүтгэлтэн), найруулагч асан Р.Тулга хоёрыг хэлнэ. 1988 оны сүүлчээр би Програмын хэлтэст хэсэг ажилласан. Мэдээний цагаан зарыг дүрсжүүлж аятайхан болгох саналыг хоёр залууд тавихад шатрын хөлөг оролцуулж тун аятайхан зар-клип хийж байж билээ. 1992 оноос MNB телевизийн бүтэц задарч олон хүн орж гарахад хөгжим кинонд дуртай хоёр ассистент маань Улаанбаатар-UBS телевиз рүү явсан байв. Нэг их удалгүй “Харанга” хамтлагийн дууны видео клип гарсан. Хоёр жилийн дараа үзэгч залуус Улаанбаатар телевизээр гарах шинэ клипүүдийг хүлээж үздэг болов. 1991-1998 он хүртэл телевизийн уран бүтээлчдийн хувьд эрх чөлөө амталж эрэл хайгуул хийсэн он жил байсан шүү. Ө.Нараатайгаа сая уулзсан. Жаргал даргыг дандаа үгүйлдэг, Парик Жагаагаа дурсая, Бадамсамбуугаа саная, З.Алтайн өмнө мэхийе, Бадруугандаа тонгойё, Болдхүүгээ саная, Халзангийн Нарангэрэлээ зүүдэлье, Д.Төрмөнхөө дээдлэе. Ж.Батбаяр, Нооёо ах, Харцага гуай та хэдийгээ үгүйлье. Ө.Цэвлээ найруулагч хаана явна? Даанч та наргүйгээр телевизийн орон зайн нэлээд хэсэг ханхайдаг юм аа... цаг хугацаа талийж өгсөн байна шүү…
III БҮЛЭГ
ГЭРЭЛТ ТАЛЫН ТҮҮХ
Баатар хийгээд театр - Бродвей хүрэх замд
БААТАР ХИЙГЭЭД ТЕАТР
...Баатарын тухай олон зүйл бичиж ярьж байна. Хэрэв тэр залуу үнэхээр хууль зөрчсөн юм бол гэм бурууг нь зүйлчилж баттай ноттой тогтоох биз. Хууль байгаа учир тэгэхээс өөр аргагүй. Харин хуульгүйгээр улс төржсөн байдлаар шийтгэвэл нэг хүнийг хохирооно. Тэр хүн насаараа хохирч мэднэ.
Юм олон талтай. Нар байхад сүүдэр бий гэж эртний мэргэн үг бий.
Призм бол геометрийн нэг дүрс. Дүрс бүхэн биетэй сүүдэртэй.
Хүмүүс олонхоороо юмны сүүдэртэй талд нь овоорч гарч байгаад орилолдож өгдөг бол одоо хэдүүлээ гэрэлтэй талд нь гарч нэг харъя даа…
Тэр хүн буруудвал тэртэй тэргүй гэм ялаа үүрээд хүний нийгмээс алсраад явчихна. Удалгүй мартагдана. Нартай талын сайнууд нь бараг дурсагдахгүй харанхуйд уусч алга болно. Олон түмний давалгаа зогсохоо мэдэхгүй алт ч байсан, гууль ч байсан няц гишгэлтээр хавтгайлаад л цаашилдаг. Амьдралын деалектик нэг иймэрхүү.
Түүх цаг хугацааны уртад үнэн худлыг тодруулдаг.
“Тамгагүй төр” жүжгийн шинэ дэглэлт монголын театрын түүхэнд тод үзэгдсэн нэг үйл явдал.
Яагаад гэвэл...?
Яагаад гэдгийг тайлбарлахын тулд ерөөс Монголын театрын хөгжлийн түүхэн үеийг, цухас дурьдах шаардлагатай.
1927 онд Монгол гэрийн хэлбэртэй Ардын цэнгэлдэх хүрээлэн нэртэй урлагийн төв асар нээгджээ. Хожим Бөмбөгөр гэх театрын тайзан дээр дуулж, жүжиглэх, бүжиглэх, жүжигчид бэлтгэж эхэлжээ. 1930 онд Ефремов гэж хүн Зөвлөлтөөс мэргэжилтнээр уригдан ирж “Хятад орноос хүрхрэгтүн” гэдэг жүжгийг орос хэлнээс орчуулан тавьжээ. Удалгүй жинхэнэ реализмын эх үндэс болж болох “Харанхуй засаг" гэдэг жүжиг тавигдав. Гээд Монголын театрын урлагийн түүхийг дурсаж бичвэл арвин түүх болно. Ефремов, Борейшо, Уварова гээд ярьж эхэлбэл ардын авъяастнуудын суурь мэдлэг, ур чадварыг нь хөглөж дэглэж тавьсан школ нь реалист оросын талынх байдаг юм.
Дараалаад Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” үндэсний дуулалт жүжиг тавигдсан. Орос багшаар заалгасан Монгол залуус аргагүй авьастай тул шинэ Монголын театрыг өөрсдөө аваад явжээ.
Түүнээс хойш бараг л зуун жил өнгөрчээ. Монголын театр олон арван гайхамшигт зохиолч, олон арван нэрт жүжигчид төрүүлж дэлхийн гайхамшигтай жүжгүүдээс өөрийн тайзнаа тавьжээ. 1947 онд дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадамд Монголын театрын авьяастай залуус “Харанхуй засаг” жүжгээр амжилттай оролцож монголын театрын нэрийг дэлхий дахинаа дуурсгав.
Түүнээс хойш баруун Европын орнууд Зөвлөлтийн их бага театруудад өч төчнөөн удаа тоглож, Монгол орныхоо театрын нэрийг “бадруулан” дуурсгажээ.
XX зуун шувтарч XXI зуун гарлаа. Бид урьд өмнөхөөс өөр үзэл баримтлалтай бүтэцтэй нийгэмд хөл тавин оров. Олон сайн залуу найруулагчид төрсөн. Жүжгийн репертуар баяжиж, сэдэв агуулга, хэлбэр өөрчлөгдөв. Улсын драмын төв театраас залуу уран бүтээлчид олноор төрөн гарлаа.
Яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай их олон талт уран бүтээлч байжээ. Үүний зохиолоор Г.Жигжидсүрэн (Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт) найруулагчийн бүтээсэн “Хүн чулууны нулимс”, “Амин мөр”, “Бүлээн нурам” зэрэг гурвалсан кино байдаг юм. 1980-аад оны сүүлээр “Бүлээн нурам” уран сайхны кино Азийн нэр хүндтэй кино фестивалийн шилдэг уран сайхны киногоор шалгарсан.
Найруулагч Б.Баатарын “Тамгагүй төр” бол Бавуугийн Лхагвасүрэн гуайн зохиол.
Азийн шилдэг кино болсон “Бүлээн нурам” кино Б.Лхагвсүрэн (Төрийн шагналлт, Соёлын гавьяат зүтгэлтэн) гуайн зохиол.
Г.Жигжидсүрэн гуайн ярьснаар энэ кино зохиол ердөө 8-хан хуудас зохиолтой байжээ. Юу хэлэх гээд байна вэ гэхлээр Б.Лхагвасүрэн зохиолчийн театр киноны “сценари”-д ямар нэгэн далдын үр нуугдаж байдаг бөгөөд тэр үр найруулагчдыг сэрээдэг аж.
1998 онд бичигдсэн “Тамгагүй төр” тухайн жилийн хамгийн шилдэг театрын уран бүтээлийн зохиол гэж мэргэжлийн хүмүүс бичиж байсан.
Агуу сэтгэгч Аристотель “Туурвил зүй” гэдэг нэрт бүтээлдээ драмын зохиоллын үндсийг тавьсан. Энэ бол өнөөдрийг хүртэл өвлөгдөж ирсэн үнэлж барашгүй суут бүтээл билээ. Аристотелийн “Урнаар өгүүлэхүй” гэж өөр нэг суут бүтээл бий. Зохиол уран бол найруулагч тэр зохиол дээр ажиллахдаа урнаар өгүүлэхээс өөр арга гарцгүй юм билээ.
Г.Жигжидсүрэн найруулагчийн “Бүлээн нурам” киног тухайн үед жүжиг киноны шүүмжлэгчид ойлгоогүй.
-Новшоо хийж ийм хачин юм үзүүлдэг байна аа гэж шогширсон хүн байсан гэдэг.
Гэтэл Азийн шилдэг кино болоод ирсэн. Юу нь тэр вэ гэвэл тэндхийнхэн ингэж хэлжээ.
-Энэ кино бол хүн төрөлхтний ирээдүйн тухай уран бүтээлчийн эмзэглэл бүтээл юм. Хүн төрөлхтнийг ийм л зам хүлээж байгаа гэжээ.
Агуу Софоклын “Эдиф” хаан эмгэнэлт жүжиг. Энэ жүжгийг Э.Оюун гуайн орчуулснаар манай драмын театр амилуулжээ. Зохиолын хувьд эмгэнэлт жүжиг бичих авъяас, уламжлал манайд байж. Эмгэнэлт жүжгийг найруулан тавих баялаг суурь өв ч байж. Тэр өвийг үргэлжлүүлсэн зохиолчийн нэг нь Б.Лхагвасүрэн гуай.
1998 онд УДЭТ ын тайзнаа “Тамгагүй төр” жүжгийг тавилаа. Сонгодог хэлбэрээр нь маш сайн уран бүтээл болгож тавьсан.
Аристотель нэгэнтээ бичихдээ:
-Хүмүүс үйлдлээрээ жаргалтай бас зовлонтой гэжээ. (Х.Наранжаргал “Драмын зохиол бичих замд гарая” ном XVII тал)
Баатар найруулагч эл зохиолын эмгэнэлт шугамыг алдаагүй. Түүний жүжиг бүхэлдээ физикл бүжгийн илэрхийлэмжтэй драмын жүжиг жанраар бүтээгджээ. Хөгжим бол жүжгийн гол чимэглэл. Эл жүжгийг би бээр үзэхдээ зарим сцены үед нүдээ аниж хөгжмийг нь сонсож байв. Залуу хөгжмийн зохиолч Одбаяр Оки гайхалтай хөгжим бичжээ. Монгол Улсын Үндэсний дуурь бүжгийн залуу бүжигчид мөн л гайхалтай бүжиглэсэн. Театрын тайзны нэг гайхамшиг бол уран сайны гэрэлтүүлэг. Гэрлийн өнгө хувиралт шилжилт нь хөгжмийн хэмнэлт захирагдан өөрчлөгдсөн. Бүжигчдийн хөдөлгөөн, хөгжмийн зохиолын ритмд захирагджээ. Бүжиг, хөгжим, гэрэл, тайз, драмын жүжиглэлт, хувцасны загвар нүүр будалтын маяг зураачийн ажил гээд бүх юман дээр мастерууд өөр өөрсдийн ураа гаргаж гайхамшгийг үзүүлжээ.
Тэгвэл найруулагч Б.Баатар юу хийсэн байхав?
Эмгэнэлт драмын жүжгийн зохиол дээр үндэслэж, физикл жанрын жүжиг болгоход ийм олон синтез, холимог орцтой болж байгааг нэгтгэж өрж дэглэсэн байна. Энэ синтезийг Баатар найруулагч зохицолдуулж амжжээ. Тэр дэг нь өрнөлтэй, зөрчилтэй, тайлалтай. Үндсэн фабул буюу гол зорилгоо ер алдаагүй. Сцень доторхи “майнор акцион” буюу жижиг үйлдлийг ч хүртэл нарийн шигтэж оруулжээ. Эрдмийн театрын жүжигчид дүрүүдийн зан байдлыг (характер) маш сайн гаргасан. Найруулагч үүнд ихээ анхаарчээ. Жүжиг бүхэлдээ амжилттай болсон нэг нууц нь энэ юм болов уу? Характерууд бие биенээсээ ялгарч үзэгчдэд хүрч байвал маш сайн гэдэг.
“Тамгагүй төр” жүжиг XXI зуунд тавигджээ. Монголын театрын VIII-IX үе болов уу гэж таамаглая.
Одоо нийт үзэгчдийн талаас дээш хувь нь 40 наснаас доош насныхан. Тэд гар утас барьж товч мэдээг хүлээн авч, клип дотор амьдралыг харж ойлгож яваа үеийнхэн. Хуучин классик урт нуршсан яриа, сунжруу үйлдэлтэй бүтээл хүлээж авч чадахаа байсан үе дээ. Угаасаа ч 1980-аад оноос хойш контенпорари балет, уран зураг, цаг зуурын сэтгэгдлийн хөгжим, зураг (импросионизм) үзэж эхэлжээ.
“Тамгагүй төр” жүжиг барууны болон бусад орны шүүмжлдэгчид үзэгчдэд таалагдсан нь нэгдүгээрт тэд монголын театр ийм түвшинд хүрсэн гэж зүүдлээ ч үгүй явж. Хоёрт өөрсдөд нь ийм хүчирхэг зохиолтой, хүчирхэг найруулгатай (жанрын хувьд) хүчирхэг жүжиглэлтэй, уран бүтээл хүрч байсангүй.
Монголын театр хөгжөөд бараг 100 жилийн нүүр үзэж түүх бүтээсэн. 1947 оны дэлхийн Залуучуудын их наадмын үеэр монголын драмын жүжигчид гаргуун авъяастай болохоо дэлхий ертөнцөд харуулсан. Тэдний дараа дараагийн үргэлжлэл ч “галзуу” авьяастай гарсан байлаа. Тийм улсын үр сад Монголын театрын бараг IX үе нь “Тамгагүй төр” жүжгийг амилуулав.
Хүмүүс янз бүрээр хэлдэг юм. Хайран классик жүжгийг яайран болголоо гэж. Ер нь XXI зуунд урлагийн олон төрөл жанр холилджээ. Баримтат кино нь баримтат уран сайхны кино болов, уран сайхны кино нь баримтат уран сайхны хийгээд шинжлэх ухааны уран зөгнөлт баримтат кино шиг болов. Энэ цаг үед үзэгчийг урхидахдаа мөнгөөр цаламдаж, мэдрэл хүртэхүйг нь хөгжим, бүжиг драмын урлагийн холимогоор экстазад ортол нь тултал хөөргөддөг аж.
Дэлхийд алдар түгсэн “HU” хамтлаг монгол ардын дуу аялгуу, язгуур урлагийг орчин цагийн рок хөгжмийн хэмнэлд оруулан дуулж чадсан учир барууныхны зүрх сэтгэлийг хөөргөжээ. Тэрэнтэй адил юм биш үү.
Театрын урлагийг хөгжүүлэхэд тухайн цаг үеийн шаардлага, үзэгч олны хүлээж авах байдал зохих хэмжээгээр нөлөөлдөг бололтой юм аа. Гэхдээ л НТӨ өмнөх үеийн хүн, суут сэтгэгч Аристотель “Урнаар өгүүлэхүй” бүтээл туурвиж тэр нь өнө мөнх гялалзан өнөөг хүрчээ.
Аль ч цаг үед эмгэнэлт жүжиг хүмүүсийг нь биш үйлдлийг нь дууриан үзүүлдэг юм гэж бичжээ. (Х.Наранжаргал “Драмын зохиол туурвих замд” номоос эшлэв)
Өнөөдрийн цаг үе, хүмүүсийн аяг жаяг ямар болсон билээ...? За тэгээд энэ багавтар нийтлэлийг бичихдээ Баатарын сүүдэртэй талд бүх хүмүүс гарч хашгиралдаж үзэн ядаж эхлэхэд тэрний нөгөө талд нь гэрэл цацарч байхыг үзээд тэр тухай цухас бичив. Тэр гэрэл нэгэн ур ихтэй уран бүтээлчийн гэрэл гэгээ байв. Үнэхээр хуулийн өмнө буруутай бол энэ орчлонгоос алсраад холдоно. Тэр цагт хүмүүс мартана.
Театрын урлагт мюзикл жанраар трагеди буюу эмгэнэлийг варьете контемпорари балет, драмын жүжгийн хэлбэрээр үзүүлсэн нь хэд байгаа билээ? Ийм синтез бүтээлийг найруулан тавьж байсныг нь хүмүүс мартаж л орхих биз.
Фридрихь Энгельс урлагаар цэнгэхийг хүсвэл урлагийн түүх мэд гэж хэлсэн юм гэнэ лээ. Урлагийн түүх хийгээд жанр, онцлогоор нь задалж яривал Баатар нэг синтез бүтээл туурвисан бүтээлч юм уу даа.
Магад хорь гучин жилийн дараа түүнийг бас өөрөөр нэг тайлбарласан байхыг үгүйсгэхгүй. Юм гэдэг өөрчлөгдөж байдаг хорвоо юм даа.
Би театрын жүжиг үзэх дуртай. Н.Наранбаатар-Пара, Э.Ёндоншарав, Ч.Түвшин, М.Батболд, Н.Ариунболд, А.Чингүн, Ц.Батнайрамдал, Б.Даваасүрэн нарын жүжгээс хоцрохгүйг хичээж үздэг. Тэдний тухай бичиж байсан. Баатарыг яг тэдний тухай бичсэн шиг л гэрэлтэй талаас нь харж бичлээ.