Мал аж ахуй эрхлэх чиг хандлага яг одоогийнх шиг үргэлжилсээр байвал 2030-аад оны дунд үеэс Монголд зудын хор хохирол үлэмж нэмэгдэж, жилд дунджаар 8-11 сая толгой мал (хонинд шилжүүлснээр) зүй бусаар хорогдох төлөвтэй гэнэ. Харин ирэх таван жилд мал, мах, махан бүтээгдэхүүний экспортыг тогтвортой нэмэгдүүлж чадвал зудаас үүдэлтэй малын хорогдлыг 63-91 хувиар бууруулаад зогсохгүй бэлчээрийн дарамтыг багасгах боломжтой аж.
ХААИС-ийн дэргэдэх Хөдөө аж ахуйн эдийн засгийн инновацын хөгжлийн төв, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид Японы Тоттори болон Нагоя, Токиогийн их сургууль, БНХАУ-ын Жэжян их сургууль, ХБНГУ-ын Постдамын уур амьсгалын нөлөөллийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгааныхаа үр дүнд ийм тооцоо, дүгнэлтэд хүрчээ.
Малчдын эмзэг байдлыг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл нь малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтэрсэн явдал гэж судлаачид үзжээ. Төр засгийн зүгээс хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэх, отор нүүдэл зохион байгуулах, өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэгт голчлон анхаарч буй ч малын тоо толгой хурдтай өсөхийн хэрээр нэг малд ногдох тэжээлийн хүртээмж жилээс жилд буурч, өвлийн улирал дахь зүй бус хорогдол нэмэгдэх эрсдэлтэйг тэд дурдсан байна.
Н.Мишээл